Өчигдөр Улсын онцгой комиссын даргын шуурхай хурлын дараа зарим сайд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы өгсөн мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Улсын хэмжээнд коронавирусийн халдвар Төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн үндсэн хоёр голомтоос тархсан нь тогтоогдсон. Орон даяар тус өвчний халдварын тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна.

- Эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол нэг ч байхгүй.

- Бүртгэгдсэн халдвараас үүдэлтэй тархалтын ерөнхий эх үүсвэрийг тогтоосон нь цаашид халдварын тархалтыг хумих боломжтой байх эерэг хандлагыг харуулж байна.

- Улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган хүнд коронавирусийн халдварын шинжилгээг PCR болон түргэвчилсэн оношлуураар хийснээс Улаанбаатар хотод 50 мянга хийгдсэн. 

- Улаанбаатар хотод хамрагдсан иргэдийн 20 мянга нь сайн дураар шинжилгээнд хамрагдсанаас нэг ч халдвар илрээгүй.

- Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын нийт 700, хоёрдогч хавьтлын 6000 хүнд PCR шинжилгээг хийсэн. 

- Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн 26 мянга, Алтанбулаг боомтын 5000 иргэнийг бүгдийг түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулж, ирэх 7 хоногт дуусгана. 

- Ойрын хавьтал бус хүнээс коронавирусийн халдвар илэрсэн тохиолдлууд нь төмөр зам дагасан газруудад бүртгэгдэж байна.