Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч  уулзлаа. Уулзалтаар  Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар болон хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцаж санал солилцов.

Нийслэлийн ИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах талаар зөвшөөрөл хүссэн байна. 

Уг захидлын хариуд Парис хотын Захирагч зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон  талаар Элчин сайд Филипп Мэрлин энэ үеэр хотын Захирагчид уламжлав.

 

Уулзалтын үеэр Хотын захирагч С.Амарсайхан “2018 онд Парис хотод ажлын айлчлалаар явахдаа хот төлөвлөлт дээр хамтарч ажиллахаар болсон. Одоо манай дээр “Хот төлөвлөлт судалгааны институт”-ыг байгуулж ажил нь жигдрээд явж байна. Энэ ажлын хүрээнд Парисын хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг урьж хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Парисын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад Улаанбаатар хотын аль хэсэгт байгуулж, тохижуулах талаар санал солилцоод ажиллая” гэлээ. 

 

Францын Элчин сайд Филипп Мэрлин хамтарсан ажлын хэсэгт орж ажиллах бүрэлдэхүүнийг албан бичгээр уламжлахаар болж, ирэх намар Парис хотын нэрэмжит гудамж талбайг Улаанбаатар хотод байгуулах ажлыг эхлүүлэх талаар судалгааг хийхээр тохиролцлоо.