Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар “Хүнд металаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологийг зонхилох бохирдуулагч тус бүрээр боловсруулж нэвтрүүлэх” судалгааны ажлыг “Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ хийж гүйцэтгэжээ. Уг судалгааны үр дүнг холбогдох байгууллагуудад танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.


Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төв, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Химийн тэнхим, Арьс ширний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоо, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Аюултай хог хаягдлын үндэсний холбоо зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.


Тус судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд хүнд металлын хамгийн их бохирдолтой хөрс Хан-Уул дүүргийн Арьс ширний үйлдвэр орчимд байгаа гарч гарчээ. Зонхилох бохирдуулагч нь 3 валенттай хром хортой хэмжээнд, 6 валенттай хром хүлцэх хэмжээнээс давсан, хар тугалга, цайр, зэс зэрэг металлууд хүлцэх хэмээнд байна гэж дүгнэсэн байна. 

Мөн тэд хөрсний хүнд металл, хромын бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг саармагжуулж, цэвэршүүлэхэд хэрэгжүүлж болох арга зүйг боловсруулж зөвлөмж гаргажээ.  Тухайлбал хөрсний бохирдол ихтэй газрыг ургамалжуулах нь хөрсийг эрүүлжих энгийн бөгөөд үр дүнтэй арга аж. Энэхүү аргыг БНСУ, Хятад улс түлхүү хэрэглэж ирсэн байна.

Цаашид бохирдолд өртсөн талбайд үе шаттайгаар холбогдох арга хэмжээг зохион байгуулах ба хорт бодис шингээгч ургамал тарих, ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх замаар хүнд металлыг саармагжуулж, бохирдлыг бууруулах ажлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийх юм.