Манай улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол тогтмол олноор илэрч байна. Өдөрт илрэх халдварын тоо энэ сарын 22-нд анх 200-г давсан бол өчигдөр 437, өнөөдөр 361 хүнээс коронавирус илэрчээ.

Нөхцөл байдалтай холбоотой асуудлаар УОК өчигдөр орой хуралдаж, Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоног хаахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, халдварын тархалт, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглов.

Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ. 

Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлана. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглов.

Коронавирусийн халдвар илэрсэн аймгуудыг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд Улаан түвшинд шилжүүлэв.


УОК-оос гаргасан бусад шийдвэрийг ЭНД дарж уншина уу.