Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэн газар хөдлөлтийг бүртгэдэг.

2005 оноос Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжилт явагдаж эхэлснээс хойших 15 жилийн хугацаанд нийт 14500 орчим газар хөдлөлт бүртгэгдээд байна. 

Эдгээр газар хөдлөлтүүдээс нийслэл хотын оршин суугчдад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 8 удаа болсон. Идэвхжилтийн ерөнхий төлөв байдлаас үзэхэд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2005 оноос 2-3 дахин, 2012 онд 4 дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өссөн ба 2014-2019 онуудад 700-1500 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн жагсаалт:

  • 2005 оны 12 сарын 03-нд Төв аймгийн Лүн сумын нутагт МL=5.1 хүчтэй
  • 2009 оны 03 сарын 22 нд Төв аймгийн Сэргэлэн суманд орших Өндөр довын давааны орчим МL=4.1 хүчтэй,
  • 2013 оны 10 сарын 14 нд Улаанбаатар хотын баруун захад Эмээлт өртөөний орчимд МL=3.8 хүчтэй,
  • 2015 оны 10 сарын 03 нд Баянзүрх дүүргийн нутаг буюу Улиастайн амны Шарын хоолойд МL=4.4 хүчтэй,
  • 2015 оны 10 сарын 03 нд Баянзүрх дүүргийн нутаг буюу Улиастайн амны Шарын хоолойд МL=3.8 хүчтэй,
  • 2015 оны 10 сарын 10 нд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт МL=4.7 хүчтэй,
  • 2019 оны 01 дүгээр сарын 25-нд Сүхбаатарын талбайгаас урагш 9.7 километрт Богд хан ууланд МL=2.5 хүчтэй,
  • 2020 оны 1 дүгээр сарын 12-нд  6,8 магнитудын газар хөдлөлт болсныг албан бус эх сурвалж дурджээ. 

ООГХ-ийн судлаачид нь ОХУ-ын Дэлхийн царцдасын хүрээлэн, Франц улсын Страсбургийн Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн бүсэд 6 идэвхтэй хагарлын байршлыг тогтоон судалгааны ажил хийсэн.

Эмээлтийн хагарал: Улаанбаатар хотын баруун талд хил залгаа орших Эмээлт өртөөнөөс баруун хойш 13 км орчим зайнд зүүн урагшаа 1500N азимутын чиглэлд Өлзийт хорооллыг дайрсан 35км урт хагарал оршиж байгааг тогтоосон. Эмээлтийн хагарал дээр магнитуд нь 6.5-7.1-тэй газар хөдлөлт болох боломжтой болохыг тодорхойлсон.

Хустайн хагарал: Улаанбаатар хотоос баруун урагш 35 км зайд Хустайн нурууны урд бэлээр сунаж тогтсон 4 салбар хагарлуудаас бүрдэж байна. Үүнээс Хустайн гол хагарал нь 650N чиглэлд 80 км урт үргэлжилнэ. Хагарлын бусад салбарууд болох Өмнөд Хустайн хагарал нь 200N градусын чиглэлд 31 км урт, Лүнгийн хагарал нь эгц баруун тийш 58 км, Долоотойн хагарал нь 1350N градусын азимутаар 43 км урт тус тус үргэлжилсэн. Хустайн хагарал дээр магнитуд нь 7.8-тай газар хөдлөлт болох магадлалтай гэж тогтоосон.

Гүнжийн хагарал: Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт Гүнжийн аманд зүүн хойшоо чиглэлтэй 20 км урт үргэлжилсэн баруун гарын шилжилттэй огшоолтын төрлийн хагарал байгааг тогтоосон. Гүнжийн хагарал дээр магнитуд нь 6.7 хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай.

Авдар уулын хагарал: Улаанбаатар хотоос урагш 40-70км зайд 50км урт үргэлжилсэн зүүн гарын хэвтээ шилжилтийн хагарал болно. Тус хагарал дээр магнитуд нь 7.2 хүчтэй газар хөдлөлт болох боломжтой.

Шархайн хагарал: Улаанбаатар хотоос баруун урагш 40-70 км зайд 450N азимутаар 50 км урт сунаж тогтсон зүүн гарын хэвтээ шилжилттэй гэж тогтоосон. Хагарал дээр болох хүчтэй газар хөдлөлтийн магнитудыг 7.2 гэж тодорхойлов.

Мөнгөнморьтын хагарал нь Улаанбаатар хотоос зүүн тийш 100-150 км зайд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт зүүн урдаас баруун хойш чиглэлтэй 100км сунаж тогтсон, баруун хойшоо уналтай тохрол хэлбэрийн хагарал гэж тогтоосон. Хагарал дээр болох боломжит хүчтэй газар хөдлөлтийн хүчийг магнитуд нь 7.5 хүчтэй гэж тооцоолсон.