Улаанбаатар Хотын Музейг засах "УБ музей төсөл"-ийг "Үе дамжих өв соёл" ТББ эхлүүлээд буй.

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын музейн засвар хэдийн эхлээд үргэлжилж байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор 2020 оны 3-р сарын 2-ны өдөр дуусах аж.

Гэвч музейн том танхимын засварын зардлын нийт төсвийг бүрдүүлэхэд 4,753,838 төгрөг дутаад буй. Иймээс Улаанбаатар хотынхоо түүх, соёлын өвийг хадгалж үлдэх ажилд оролцон хандивын аянд нэгдэхийг уриалжээ.

Одоогийн Улаанбаатар хотын музейн барилгыг анх 1919 онд буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав хувийн сууцны зориулалтаар бариулж байжээ. Тэрээр хувьсгалт хүн байсан учраас Д.Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэргүүд 1921 оны долдугаар сарын 8-ны өдөр Нийслэл Хүрээг чөлөөлөх үед энэхүү байшингийнхаа нэгэн өрөөг жанжин Д.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн байна. Тус байшинд 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тува улсын элчин сайдын яам байрлаж байв.