Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн  Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

УИХ болон Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэр гарсан бөгөөд одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк бусад холбогдох байгууллагууд НЗДТГ-тай хамтран нийслэлийн Ипотекийн корпорацыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бичиг баримт бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Хотын Захирагч С.Амарсайхан:

“Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийг дахин төлөвлөлтөд оруулах ажил эхлүүлсэн ч зарим ажил амжилттай хэрэгжсэн, зарим нь иргэдийг хохироосон. Тиймээс айлуудыг орон сууцанд түрээслээд өмчлөх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3000 орчим айл орон сууцандаа орсон, орох шатандаа явж байна. Мөн гэр хорооллын газрыг орон сууцаар сольж байна. Хоёрдугаарт, нэг айл орон сууцанд орвол нэг яндан бууна гэдэг зарчмаар төслийг хэрэгжүүлж байна. Иргэд маань барьцаа төлөхгүйгээр санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцанд орохыг хүсч байна. НОСК-ыг байгуулж, илүү олон иргэнийг богино хугацаанд оруулах ажлыг хийнэ.

Нөгөөтэйгүүр барилгын компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаад захиалга авч буй нийт 17788 орон сууц байгаа бол ашиглалтад орсон 4078 орон сууц бий. Иргэдийн эрэлт хэрэгцээ байгаа ч санхүүгийн хүндрэл бэрхшээлээс болж орон сууц худалдаж авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Харин үүнээс үүдэн барилгын компаниудын хөрөнгө царцсан байдлыг ийнхүү шийдвэрлэн энэхүү ажлыг эхлүүлж буйг хотын Захирагч онцолж байлаа.

Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг, 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг, 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломж бий. Тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа юм.