Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 онд Нийслэлийн нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлэх шийдвэрийг гаргалаа. 

Тодруулбал,

"Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлахаар болов. 

Зээлийн хөрөнгөөр эхний ээлжид Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ. 

“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжид Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна. 

Тусгай замын автобус BRT-ыг 2020 онд эхний ээлжин Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.