Зүүн  хойд  Азийн хотуудын дарга нарын форумд оролцож байгаа ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаан-Үд хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг угтан авч, хоёр хотын харилцаа, цаашлаад бүс нутгийн асуудлыг хөндөн ярилцах гэж байгаадаа талархаж байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, ялангуяа эдийн засгийн салбарт улам өргөжин тэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо Орос Монголын санаачилгын хүрээнд чуулга уулзалт зохион байгуулагдаж,  төв талбайд үзэсгэлэн зохион байгуулагдсан. Худалдаа, эдийн засгаа өргөжүүлэх талаар энэхүү санаачилгад оролцогсод онцолж байсан юм. Манай хоёр хотын ч харилцаа бүхий л салбарт өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарын хөгжилд хоёр хот онцгой анхаарал хандуулснаар бодит үр дүн гарна. Улаанбаатар хот “Хотын аяллын автобус”-ыг тодорхой маршрутаар явуулж, хотынхоо түүх, соёл, ёс заншил, аж амьдралыг сурталчилж байна. Улаан-Үд хотын төлөөлөгчид маань ч энэ автобусаар аялахыг урихын зэрэгцээ олон жуулчид хөрш хотоос ирж аялна гэж бодож байна” гэлээ. 

Мөн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд ОХУ-ын Улаан-Үд хотын даргад талархал илэрхийллээ.

ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков хэлэхдээ “Бид автомашинаар Улаанбаатар хотыг зорин ирлээ. Ирэх замдаа Улаанбаатар хотын зам гүүр, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай  танилцсан.  Өндөр сэтгэгдэл төрлөө. Танай хотод бүхий л салбарт ажил өрнөж, бүтээн байгуулж байгаа нь нүдэнд ил харагдаж байна. Түүнчлэн байгаль, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд бүс нутагтаа санаачилга гаргаж, Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах санал дэвшүүлж байгааг ОХУ-ын Улаан-Үд хотын  зүгээс дэмжиж байна. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бололцоо бий. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргыг Улаан-Үд  хотдоо урьж байна. Нөгөө талаар хоёр хот худалдаа, эдийн засгийн харилцаагаа тэлэхэд хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх нь чухал. Иймд Улаан-Үд хотоос Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээж, ажиллах албан тушаалтнаа томилоод байна. Мөн Улаанбаатар хотын залуусыг Улаан-Үд хотод болдог спорт, соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцуулахыг хүсч байна” гэлээ. 

Хоёр хотын  дарга нарын уулзалт дараагийн удаа Улаан-Үд хотод үргэлжилнэ гэж итгэж байгаагаа онцолж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг урьж байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков нь “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” салбар хуралдаанд оролцож, Улаан-Үд хотын гадаа орчны агаарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийх юм.