УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын  У.Хүрэлсүхийг шүүмжилсэн ярилцлага цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн шиг Шадар сайдын ярилцлага ч анхаарлын төвд байлаа. Тэдний бие биендээ хаягласан ишлэл үгсийг харьцуулан хүргэе.

 Н.Номтойбаяр: Сүүлийн үед тагнасан гэх сенсацид Хүрэлсүх өөрөө намайг татаж оруулж, ил далд хэвлэлээр дайраад байх юм.

У.Хүрэлсүх: Батболд гэх залуу намайг хэрэгт орооцолдуулахаар хоёр сар гаруй мөрдсөнөө, уг мөрдлөгөө хэний захиалгаар хийснээ илчилсэн. 

Н.Номтобаяр Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар иргэд “Бидний ажил, амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх арга замыг Ардын нам тодорхойлж, хэрэгжүүлж чадна” гэж итгээд Ман-д 65 суудал өгсөн. Бид ч амлалтаа ажил хэрэг болгохоор Засгийн газраа байгуулсан.

У.Хүрэлсүх: Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа.Хууль хяналтын байгууллагууд төрд үүссэн бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна.

Н.Номтойбаяр: Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хамтарсан найруулгаар 65-ын бүлгийн цөөн хэдэн гишүүн албан тушаалын төлөө нам дотроо урваж шарваад эхэлсэн

У.Хүрэлсүх: Би сонгуулийн үеэр сөрөг хүчний нэг ч хүнтэй утсаар ярьж, уулзаагүй. 

Н.Номтойбаяр: Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зураалаад явж байна. Энэ бүхний ард Монгол Улсын Шадар сайд Ухнаа овогтой Хүрэлсүх бий. 

У.Хүрэлсүх: Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдаа гүтгэж, үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд тагнуулд ажиллаж байсан намайг татаж оролцуулаад байгаа юм.

У.Хүрэлсүх: Сонгуулийн үеэр хуруугаа ч хөдөлгөөгүй зарим нэг хий үзэгдлүүд одоо их хошуу нэмэрлэж байгаа сурагтай. 

“Херо” Баатартай ярьсан яриаг эвлүүлэг гэж худлаа ярихгүй. Гол хардлага нь эрлийз морьдын асуудлаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч уначихлаа гэх гээд байгаа юм шиг байна лээ.

Н.Номтойбаяр: Хүрэлсүхийн төрсөн эгчийнх нь хүү, цагдаад ажилладаг Амарсанаа, нэг яаманд газрын дарга хийдэг төрсөн дүү нь гээд хэсэг нөхөд ахынхаа санаачилгаар ийм тагнуултай драм зохиосон.

У.Хүрэлсүх:Миний садангийн дүү О.Амарсанаа “Таныг хууль бусаар мөрдөж, тагнах ажиллагаа хийгдэж байна” гэж надад анх хэлсэн.

Журмын нөхрөө гэмт хэрэгт холбогдуулан жагсаалаас гаргах ийм бохир үйл ажиллагаа миний мэдэхийн манай намд байгаагүй юм даа.

Н.Номтойбаяр: “Херо” бичлэгээ алдлаа л гэдэг. Санаатай, санамсаргүйг нь хэн мэдлээ. Ямар ч байсан Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй. Харин Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. 

У. Хүрэлсүх:  Гомдол гаргасан хохирогч хүн өөрөө шоронд ордог, бусдад мөрдүүлсэн, тагнуулсан хүн өөрийгөө мөрдсөн болчихдог, тэгж мөрдөхөөрөө бүр төрийн эсрэг гэмт хэрэгтэн болчихдог ийм л хуулийн байгууллагатай болчихож дээ, манай улс.

Номтойбаяр: Намдаа, төр засагтаа үзүүлж болох ганц гавьяа нь өөрөө өргөдлөө өгөөд, намын гишүүдээс уучлалт гуйгаад явах нь хамгийн зөв арга. Хэрэв тэгвэл би энэ хүнтэй ядаж мэнд устай зөрнө.

У.Хүрэлсүх: Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ.