"Налайхын зам" буюу Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Тус 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй юм.

Замын хөдөлгөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ЗТХ-ийн сайд, дэд сайд, нийслэлийн удирдлагууд, замыг барьсан компанийн удирдлага, ажилчид, иргэд оролцов.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ сайхан замыг байгуулсан Монгол, БНХАУ-ын замчид, компанийн хамт олонд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 2019 онд нийслэлийн хэмжээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх хүртэлх хурдны зам, Яармагийн шинэ гүүр, хуучин гүүрийн засвар шинэчлэл, Баянзүрх болон Сонсголонгийн бетонон гүүр зэргийг ашиглалтад оруулсан, олон бүтээн байгуулалт хийсэн жил байлаа. 

Монгол Улсын Засгийн газар энэхүү бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн Гацууртын уулзвараас Налайх-Чойрын  уулзвар хүртэлх 20.9 км автозамыг шинээр барих ажлыг эхлүүлсэн. Энэ ажил маань үүргээ сайн гүйцэтгээд өнөөдөр ашиглалтад орж буйд чин сэтгэлэээсээ баяртай байна.

Хуучин замын ашиглалтын хугацаа 60-аас дээш жил болсон учир зам бүхэлдээ эвдэрсэн, хөдөлгөөний аюулгүй байдалд ихээхэн хүндрэл учирсан, осол гардаг, ачаалал ихтэй зам болсон байсан. Тиймээс энэ замыг шинээр барих зайлшгүй шаардлага байсан. Олон жил ярьсны эцэст бодит ажил хэрэг болж буйд Ерөнхий сайдын хувьд баяртай байна. 

Би 2019 оны нэдүгээр сард холбогдох албан тушаалтнуудад тус замыг шинэчлэх үүрэг өгсөн. Үүргийн дагуу ЗТХЯ, нийслэлийн автозамын газар, нийслэлийн удирдлагууд цаг хугацаанд нь ажлаа сайн хийж биелүүлсэнд талархаж байна. Замын ажилд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье.

Засгийн газар аль болох бага зардлаар урт зам тавихыг зорьж байсныг та бүхэн мэднэ. Одоо бид замын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэй автозамыг төлөвлөх, барьж байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй. 

Налайх чиглэлд үнэхээр сайн зам тавигдаж буй. Ямар чанартай зам тавьсан нь удахгүй харагдах байх. Өнгөрсөн зун маш их бороотой, усархаг байснаас 29 өдөр алдсан. Гэвч Хятад, Монголын замчид шаргуу ажиллаж, замыг товлосон хугацаанд ашиглалтад орууллаа. 

Өнөөдөр замын хөдөлгөөнийг нээж буй ч ирэх оны 4 дүгээр сараас замын хоёр талаар төмөр хашлага, явган хүн, дугуйн зам, суурьшлын бүсүүдэд явган хүний гүүрэн гарц хийх ёстой. Улмаар 2020 оны 7 дугаар сар гэхэд энэ зам бүрэн утгаараа ашиглалтад орно" гэдгийг онцлон хэллээ.