Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Амарсайхан нар өнөөдөр сайжруулсан түлш үйлдвэрлэдэг "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагаатай танилцав.

Тус компани өвлийн бэлтгэл ажлыг эхлүүлж, сайжруулсан шахмал түлшний нэмэлт шугамуудыг өнөөдөр ашиглалтад оруулж буй юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сүүлийн 25 жилийн хугацаанд бид утааны тухай ярилаа. Утаа огт буураагүй, жил ирэх тусам асуудал хүндэрч, хортой байдал нь ихэссэн. Юунаас болж утаа ихэсч байна вэ гэхээр түүхий нүүрс хэрэглэснээс болж байгаа. Тиймээс МУ-ын Засгийн газар энэ оны 5 дугаар сараас эхлэн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр албан ёсоор хэрэгжээд явж байна. Оронд нь сайжруулсан сайн түлш хэрэглэе гэж зорьсон. Өнөөдөр энд цугласан та бүхэн энэ ажлыг амжилттай сайн хийж буйд "Тавантолгой түлш" компанийн хамт олон, тээвэрчдэд би талархаж байна. Бидний ажлын үр дүн энэ өвөл гарна. 7 дугаар сарын 1-н гэхэд бэлтгэл ажил бэлэн болох ёстой. Засгийн газар хөрөнгө, тээвэрлэлтийн асуудлыг шийдэж, үйлдвэрийг барьж, тодорхой зохион байгуулалт хийж өглөө. 

Одоо энэ сайжруулсан түлшийг Улаанбаатар хотод хүргэх, түгээх ажил чухал байна. Энэ ажлыг БОАЖ-ын сайд, Улаанбаатар хотын дарга хариуцна. Хотын дарга, дүүрэг, хороодын дарга, сонгогдсон олон иргэдийн төлөөлөгч энэ асуудлыг хариуцна гэдгийг би албан ёсоор хэлье. 

Та бүхэн иргэдийн хүлээж буй утаагүй болох асуудлыг Хотын даргатай хамтарч шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс одоо өвөл утаатай байх уу, үгүй юу гэдэг асуудал Хотын даргын гарт шилжсэн. Манай иргэд утаатай холбоотой, түлээ нүүрс хүрэхгүй байна гэдэг асуудал гарвал нийслэл дээр ирээрэй гэдгийг Ерөнхий сайдын хувьд албан ёсоор хэлье. Засгийн газар хийх ёстой ажлаа хийсэн. Одоо шат шатандаа ажлаа хариуцаж, амьдралаа өөд нь татна. Сайжруулсан түлшийг бүх дүүрэг хороонд бие дааж хүргэх нь маш чухал ажил. Мэдээж хүндрэлтэй зүйлүүд гарна. Тэдгээрийг давж гарах хэрэгтэй" хэмээлээ.

Тус арга хэмжээг дүрс бичлэгээр хүргэж байна.