Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.

Тэрээр "Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна. Манай улсад үүн шиг олон бүтээн байгуулалт эхэлнэ.

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн барилгын ажлыг өнөөдөр эхэлж байна.  

Энэхүү төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх саарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орох учиртай. Энэ хоёр хоорондоо хүйн холбоотой төсөл юм. Эдгээр төслийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн ард иргэдийн ажиллаж, амьдрах орчин сайжрах юм" хэмээн онцоллоо. 

Харин Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Ерөнхий сайд надад цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг онцгойлон анхаарч, энэ ажлыг “толгойгоороо хариуцан” ажиллахыг даалгасан хэмээгээд цаасан дээрх төсөл бодит ажил болж байгааг тэмдэглэлээ.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн  инженеринг групп”-ийн түншлэл шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулжээ.

Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана. Төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах бөгөөд хоёр улсын ажилчдыг тэнцүү тоогоор ажиллуулна.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэлийн иргэд тав тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.

Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм байна.