Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын салбар хариуцсан алба хаагчдын хамт өнөөдөр Техник спортын төв ТӨҮГ, Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ, Залуучуудын Ногоон наадмын спортын цогцолбор, Мөсөн өргөө, Биеийн тамир, спортын Улсын хороо, Спортын төв ордонд очиж нөхцөл байдалтай нь танилцав. Улмаар ажилтан албан хаагчдаас мэдээлэл сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтнуудад судалж танилцуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газраас урлаг, соёл, спортын хөгжилд ихээхэн анхаарч Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөртөө бодлогын цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн хүрээндээ Боловсрол, шинжлэх ухааны яаманд харьяалагддаг байсан спортын салбарыг бие даалгаж, Биеийн тамир, спортын Улсын хороо болгон өргөжүүлсэн. 

Сүүлийн жилүүдэд бүх нийтийн биеийн тамирыг орхигдуулсан байна. Ард иргэд, хүүхэд залуучуудаа бялдаржуулан чийрэгжүүлж, эрүүлжүүлэх зорилт хэрэгжүүлнэ. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах үүрэгтэй тус хороог Ерөнхий сайд миний бие өөрийн эрхлэх асуудлын хүрээнд багтаасан. Одоо нэгдсэн удирдлагатай, эрхзүйн чадамж нь дээрдсэн бие даасан салбараа сайтар бэхжүүлж, хөгжүүлж авч явах ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх очсон спортын байгууллага бүрийн албан хаагчдад захилаа.

Спортын сургалт үйлчилгээ үзүүлдэг тухайн газрууд УОК-ын шийдвэрийн дагуу зарим дэглэм суларсантай холбогдуулан есдүгээр сарын 15-аас сурагч, тамирчдын бүртгэлийг явуулж, танхимын сургалтуудыг эхлүүлсэн бөгөөд өдөрт 2-3 ээлжээр хэвийн үргэлжилж байлаа.


Техник спортын төв ТӨААТҮГ

Техник спортын төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2015 оноос Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хэлбэрээр ажиллаж байна. Тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх орчин нөхцлийг сайжруулах чиглэлд удирдлагуудын зүгээс арга хэмжээнүүдийг авч байгаа. 

Улаанбаатар спорт менежмент компанийн хөрөнгө оруулалтаар 50 метрийн битүү тир, хийн бууны 10 метрийн тир, 50 метрийн задгай тирийг барьж, тамирчдын зочид буудалд засвар шинэчлэлт хийсэн байна. 

Техник спортын төв байгуулагдаад 62 жил болж буй. Сургалтын байранд их засвар, шинэчлэлт хийх, төвийн мэдлийн газрын маргааныг таслан шийдвэрлүүлж, өөрийн өмчдөө буцаан авах зэрэг тулгамдсан асуудлууд байгаа аж. 

Энэ үеэр Ерөнхий сайд батлан хамгаалахад Туслах нийгэмлэгийн газар өмчийг хувийн аж ахуй нэгжүүд хууль бусаар эзэмшиж, ашиглахыг оролдож буйг хүлээн зөвшөөрөхгүй. Төр өмчөө мэдэн захиран зарцуулж, хамгаалах болно гэдгийг хатуу анхааруулав. 

Иймд хуулийн дагуу газрын маргааныг яаралтай шийдвэрлүүлж, төвийн үйл ажиллагааг сайжруулж авч явах үүргийг удирдлагуудад нь өглөө. 

 

Буянт-Ухаа спортын ордон

Буянт-Ухаа спортын ордны захиргаанаас өдөрт гурван ээлжээр мэргэжлийн дэвжээд дээр жудо, чөлөөт бөхийн сургалтуудыг хүүхэд залуусын дунд үнэ төлбөргүй явуулж байна. 

Одоогоор 200 гаруй хүүхэд сургалтад бүртгүүлж байнгын бэлтгэлд хамрагдаж байгаа аж. Тус цогцолборын ашиглалтын 78 хувийг урлаг, соёлын арга хэмжээ эзэлдэг байна. 

КОВИД-ын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа зогсож, багагүй урсгал зардал хуримтлагдаж,  төлөвлөгөөт техникийн шинэчлэлт хийгдээгүй байна. БНХАУ-тай байгуулсан гэрээний дагуу хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэлтийг ирэх онд зайлшгүй хийх шаардлага үүсч, гэрээний үүргийн дагуу монголын талаас 800-аад сая төгрөг, БНХАУ-ын талаас 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай аж. Засвар арчлалт, техникийн шинэчлэлийн хүрээнд дотор засал, гадна талын төв замд холбогдох автозам тавих, цахилгааны ШИТ суурилуулах зэрэг томоохон техникийн ажлууд хийгдэнэ. Мөн сул зогссон үеийн урсгал зардал, татварын өрийн хуримтлал зэрэг нийт 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхий сайд үйл ажиллагааны танилцуулгын үеэр сонсоод Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж шийдвэрлэхээ мэдэгдэж цаашид сайн ажиллахыг тус газрын алба хаагчдад үүрэг болголоо.


Залуучуудын ногоон наадмын спорт цогцолбор

2021 онд манай оронд Олон Улсын Залуучуудын Ногоон наадмыг хийх спортын цогцолборын барилгын гүйцэтгэл хийгдэж байна. Нийслэлийн өмчит Улаанбаатар спорт менежмент компанийн хариуцан гүйцэтгэж буй тус “Спортын бэлтгэлийн төв” барих, наадмын зохион байгуулалтын үйл ажиллагааны зардалд зориулж улсын төсөвт нийт 9,6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ. 

Одоогоор дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бүрэн баригдаж дууссан. Усан бассейн, хоккейн талбай барих ажил эрчимтэй хийгдэж байна. Эдгээрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа аж. 

Нийт 1000 гаруй үзэгчийн суудалтай, тэмцээнд оролцогч багууд тус бүр хувцас солих өрөөтэй, ногоон зүлгэн үзвэрийн шаталсан талбай баригдах зэрэг орчин үеийн загвар шийдлээр цогцолборын зураг төслийг боловсруулж гүйцэтгэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар “Олон Улсын Залуучуудын Ногоон наадам” зохион байгуулах цогц спортын талбай барьж, төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг харж буйдаа баяртай байна. Тулгамдсан асуудал гарвал шийдвэрлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.


Мөсөн өргөө

“Степпе Арена” компанийн бүтээн байгуулж буй Мөсөн өргөөний барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцав. Угсралтын ажил 70-85 хувьтай үргэлжилж байна. 

Үндэсний компаниуд бие даан өөрийн боловсон хүчин, хөрөнгө оруулалтаар жилийн дөрвөн улирал тасралтгүй ажиллах битүү дээвэртэй мөсөн талбай бүхий спорт цогцолбор барьж байгаа нь эх орныхоо хөгжил, залуучуудынхаа ирээдүйд оруулж буй үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт юм. 

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна. Энэ мөсөн ордноос удахгүй олимпын  аваргууд тодорно гэдэгт эргэлзэхгүй байна гэж Монгол улсын Ерөнхий сайд хэлэв.


Биеийн тамир спортын Улсын хороо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх спортын үйл ажиллагаа эрхэлж буй дээрхи газрууд болон спортын арга хэмжээ зохион байгуулах спорт цогцолборуудын барилгын гүйцэтгэлтэй танилцсаныхаа дараа тус салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах Биеийн тамир спортын Улсын хороонд ажиллалаа.

Биеийн тамир Спортын Улсын хороо Спортын төв ордонд төвхнөжээ. Мөн шинээр “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийг байгуулж өнөөдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, Ерөнхий сайд нээлтийн ёслолд оролцсон.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,

Өмнөх засгийн газрын үед бид спортын салбарын эрхзүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулж ажилласан. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг ч орхигдуулаагүй. Харин одоо Засгийн газраас 2020-2024 онд биеийн тамир спортын салбарт

- Хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх

- Монгол үндэсний уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулах

- Олон Улсын жишигт нийцсэн спортын барилга байгууламжийн бүтээн байгууулалтыг хийх гурван зорилтыг чухалчлан дэвшүүлээд байна. 

2020 онд олимпод бэлтгэх төсвийг 2 дахин нэмсэн, үндэсний шигшээ багийн төрлийг 22 болгож, бүрэлдэхүүнийг 32.7 хувиар буюу 219 хүнтэй болгож түүхэнд байгаагүйгээр олон тамирчинтай  бүрдүүлж, цалинг 2 дахин нэмэгдүүлж чадсан.

Төрийн зарим чиг үүргийг спортын холбоодод гэрээний дагуу шилжүүлж, санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгох гарц нээсэн зэрэг шинэ ажлууд хийгдэж байна.  

Одоо биднийг онцгой хариуцлагатай жилүүд хүлээж байна. 2021, 2022 оны зун, өвлийн олимп, Монгол Улсын санаачилгаар анх удаа Олон Улсын Залуучуудын ногоон наадмыг эх орондоо зохион байгуулна.

Нийт хүн амыг нийтийн биеийн тамир, идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшилтэй болгох, хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлд олон улсын дэвшилтэт сайн жишиг, уламжлалт сайн туршлагыг судлан нэвтрүүлж, идэвх санаачлагатай, бүтээлч ажлыг өрнүүлэн тодорхой үр дүнд хүрэх ёстой.

Иймд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний бие биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд байнга анхаарал тавьж, шуурхай арга хэмжээ авч онцгой анхаарч ажиллах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.