Цаг үеийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрээр "Манай улсын эрхэм хүндэт иргэдээ би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд та бүхэнд хандаж таагүй мэдэгдэл хийж буйдаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж амаржсан эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөх хариуцлагагүй үйл ажиллагаа явагдсан. Энэ үнэхээр хүнлэг бус, хүний сэтгэл санааг эмзэглүүлсэн үйл явдал болсон. Эцэг хүний хувьд ч, улсын Ерөнхий сайдын хувьд ч сэтгэлийг минь асар их эмзэглүүлсэн. Тэр эмэгтэйгээс, нийт ард иргэдээсээ ийм хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. 

Энэ алдаанаас болж миний тэргүүлсэн кабинетийн хоёр гишүүн огцрох өргөдлөө өгсөн. 

Ард түмэн үгээ хэлж жагсан хариуцлага тооцон ажиллахыг Ерөнхий сайдаасаа шаардсан. Энэ шаардлагыг би хүлээн авч байна. Би энэ хариуцлагыг хүлээж авах ёстой. Энэ бол ёсзүйн асуудал. Өөрөө ард үлдэх нь удирдагч хүний ёс биш. 

Иймд би хариуцлагаа ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна" хэмээлээ.