Монгол Улсад Атар газар эзэмшиж газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй, бие даасан салбар болгон хөгжүүлний түүхт 60 жилийн ойн нээлт, тариаланчдын улсын зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд болсон.

Тус зөвлөгөөнд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Эрхэм хүндэт тариаланчид аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Өнөөдөр бид хамтдаа Монгол Улсын хүнсний хангамжийн гол тулгуур үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн тариаланг хэрхэн тогтвортой хөгжүүлэх талаар хэлэлцэж байна.

Хүнсний хангамж, эрүүл аюулгүй байдлын асуудал өнөөдөр хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан асуудал болж байна. Дэлхий нийтээр хоол тэжээлийн дутагдалтай 820,0 гаруй сая хүн амьдарч байна.

Бид азтай улс. Манай ард иргэд эртнээс уламжилж ирсэн мал аж ахуйн ашиг шим, газар тариалангийнхаа үр өгөөжөөр хүнсний хүртээмжийн хувьд боломжтой улс орнуудын тоонд багтдаг.

Монгол айл өрх бүр мах, гурил, төмс зэрэг нэн тэргүүний хэргэлээний хүнснийхээ дийлэнх хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь манай малчид, тариаланчид, ногоочид, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн авч яваа Та бүхний өрнүүн их хөдөлмөрийн үр дүн юм.

Монгол Улсад тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж ирсэн түүхэн ололт амжилт, бүтээн байгуулалтын суурийг тавьсан үе шатууд нь Монгол төрийн бодлогын залгамж чанар, ахмад үеийн маань хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотойг бид мартах учиргүй.

МАХН-ын Төв Хорооны 1959 оны III бүгд хурлаас Атрын анхны аяныг, 1976 оны XI бүгд хурлаас “Атар газар эзэмшиж, тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тухай” асуудал хэлэлцэж Атрын II аяныг зарлаж, 1989 оны байдлаар нийт 1 сая 375 мянган га эргэлтийн талбайтай, жилдээ 838,0 мянган га-д тариалалт хийж 839,1 мянган тонн үр тариа, 215,0 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авч байсан түүхтэй.

1985-1990 онд жил тутам 543,3-688,4 мянган тонн улаан буудай хураан авч жилдээ 175,0-200,0 мянган тонн гурил үйлдвэрлэж, 1988 онд 90,0 мянга гаруй тонн буудай, 30,0 мянга гаруй тэжээл экспортлож байлаа.

Өнөөдөр манай хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 10 гаруйхан хувийг эзэлж байгаа хэдий ч Бид тариалангийн салбарын боломжит нөөцөө шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглаж, цаашид хоёр хөршийн 1.4 тэрбум хүн амын хүнсний хэрэглээний тодорхой хувийг хангах өргөн боломж, давуу тал бидэнд байна.

Бусад салбаруудад төдийлөн хүртэхгүй байгаа хөнгөлөлттэй үнэ, урамшууллын бодлогыг төрөөс мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жилийн туршид үзүүлсээр ирсэн. Газар тариалангийн техник хэрэгслэлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, хураан авсан буудайг Тариалан эрхлэлтийн санд харьцангуй тогтвортой үнээр худалдан авах, худалдан авсан буудайнд үнийн урамшуулал олгох зэрэг дэмжлэгийг жил бүр үзүүлж байгаа.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх зорилт дэвшүүлсний үр дүнд тариалангийн эргэлтийн талбайг 905,0 мянган га-д хүргэж, Тариаланчид маань жил бүр 480,0-510,0 мянган га-д тариалалт хийж, үр тариа 450,0-510,0 мянган тонн, төмс 150,0-160,0 мянган тонн, хүнсний ногоо 100,0-102,0 мянган тонныг хураан авч улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн, хүнсний ногоогоор 43-47 хувиар хангаж байна.

Манай Засгийн газрын бодлогод экспортын баримжаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлийг баримталж байгаа. Гэхдээ дан ганц түүхий эдийг экспортлох нь хямд үнээр тариалангийн хөрсний үржил шимийг туйлдуулан шавхах эрсдэлтэй учир өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлохыг зорьж ажиллах хэрэгтэй байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон сортуудыг гаргах, хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх, чийгийн алдагдлыг бууруулах дэвшилтэт технологийг нутагшуулахад салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд, тариаланчид, малчдын хамтын ажиллагаа чухал юм.

Ухаалаг, нарийвчлалтай газар тариаланг хөгжүүлэхэд дэлхий нийтийн хөгжлөөс хоцорч болохгүй. Тариалангийн салбарт нийлүүлсэн орчин үеийн техникүүд нь ухаалаг, дэвшилтэт технологид ажиллахад тохирох учраас мэдлэг чадвартай инженер техникийн ажилтнууд, операторчдыг бэлтгэхэд ч анхаарах шаардлагатай байна.

Тариалангийн бүс нутагт байгаа малчдын нийгмийн асуудлыг шийдэх, малын бэлчээр гаргаж ашиглалт багатай бэлчээрийг усжуулах, зам гүүр барих, төрийн үйлчилгээг хүргэх боломжит зохион байгуулалт хийхэд тариаланчид, малчдын хамтын оролцоог хөгжүүлэн ажиллаж байж хөрс хамгаалах дэвшилтэт технологийг нутагшуулж чадна. Үүнд орон нутгийн удирдлага анхаарал хандуулах шаардлагатай.  

Бид байгаль дэлхийгээс зөвхөн авах хандлагаар бус эргүүлж байгальдаа хөрөнгө оруулалт хийдэг бодлогыг баримтлах ёстой. 

Ийм учраас 2018 онд миний бие газар тариалангийн төв бүсэд ажиллан нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийг тогтоон зарласан юм.

Энэ тогтоолын хэрэгжилтийг орон нутагт хангуулах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгаврыг ХХААХҮЯ болон аймаг орон нутгийн удирдлагуудад хандан гаргалаа.

Олон жил ярьж байгаа хөрс, ургамал хамгаалал, үрийн болон усны бодлогын чиглэлийн албадуудыг байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Аж ахуйн нэгж бүр мэргэжлийн агрономч, инженертэй ажиллах хуулийн заалтыг биелүүлэх хэрэгтэй. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг ч дээд зэргээр ханган ажиллах шаардлагатай!

Эрхэм нөхдөө,

Монгол Улсын Засгийн газар мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хичээн ажиллах болно.

Тариаланчдын Улсын зөвлөгөөнөөр та бүхэн салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа нухацтай хэлэлцэж, үр бүтээлтэй санал санаачлага, зөвлөмж гаргана гэдэгт итгэлтэй байна.

Тариаланч та бүхний чин сэтгэл, бүтээлч хөдөлмөр, ажлын үр дүнгээс Монгол улсын хүнсний хангамж, Монгол хүний эрүүл амьдрал шууд хамаарна гэдгийг гүнээ ухамсарлан, агротехнологийн өндөр хариуцлагатай ажиллаарай.

Атрын 60 жилийн ойгоо урам зоригтой, ургац арвин, туршлага дүүрэн  угтахыг хүсье. Монгол төр, Ардын засаг та бүхнийгээ ямагт дэмжиж сэтгэл зүрхээрээ хамт байх болно. 

Зөвлөгөөний үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье" гэв.