МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүс болон улс төрийн хариуцлагын талаар хэлэлцсэн.

Мөн Б.Батзоригийн оронд буюу ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэвшүүлэхээр болж, Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд олонх нь санал нэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханд Хотын дарга С.Батболдыг огцруулах тухай саналыг албан бичгээр хүргэжээ.

Тус албан бичигт

Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэсэн үндэслэлээр түүнийг огцруулах саналыг хүргүүлж байна" гэжээ.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах эсэхийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж эцэслэн шийдэх журамтай аж.

Ерөнхий сайдаас хүргүүлсэн албан бичгийг хүргэж байна.