Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоол өнөөдрөөс буюу 2019 оны 5 дугаар сарын 15-наас хэрэгжиж эхэллээ.

Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Ард иргэдээ. Та бүхнээсээ аминчлан хүсэх нэг зүйл байна аа. Өнөөдөр маш чухал өдөр.

Бид дэлхийн хамгийн аюултай хотоор цоллуулж, өвчин зовлонд шаналсан иргэд эмнэлэгт багтахгүй болж, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насаар төлөөс төлсөөр ирлээ. Энэ бол олон жил шийдэж чадалгүй явж ирсэн та бидний дундын зовлон болох утааны асуудал юм.

Онц ноцтой энэ гамшгийг бид зүгээр хараад сууж болохгүй гэж шийдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Тийм ч учраас Улаанбаатарт түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулах, хэрэглэх, худалдаалахыг хориглосон Засгийн газрын тогтоол 2019 оны 5 дугаар сарын 15 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Эрсдэлийг Засгийн газар өөрөө үүрээд гарах ёстой гэж үзэн, амласан ёсоор сайжруулсан түлшний улсын үйлдвэрээ барьж, бүтээгдэхүүнээ бэлэн болголоо. Одоо ард иргэдтэйгээ хамтран "Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" тэмцэх цаг ирлээ.

Миний сэтгэл дотор иргэдээ орон сууцжуулж, байранд амьдруулах чин хүсэл эрмэлзэл байсаар байгаа. Энэ ажил үе шаттай уртын хугацаандаа хэрэгжих болно. Тэр болтол 1,5 сая хүний эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж хүлээж суух эрх та бидэнд байхгүй ээ.

Дэлхийн олон хот та бидний өнөөдрийн зовлонг тойрч гараагүй, даваад гарсан түүхтэй. Тэдгээрийн амжилтын гол үндэс нь ард иргэдийн оролцоо, хариуцлагатай байдалтай нь шууд холбоотой байна.

Бид ч энэ гамшгийг хамтдаа даваад гарч чадна гэж би итгэж байна.

Хүндэтгэсэн: Ухнаагийн Хүрэлсүх" хэмээн нийтлэжээ.