МАН-ын 28 дугаар Их хуралд 1309 төлөөлөгч оролцож, хуралдаанд оролцогчдын 63.1 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонголоо.

МАН-ын даргын албан тушаалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ЕНБ-ийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөө эртнээс мэдэгдээд байсан. 

Харин өнөөдөр Н.Дэмбэрэл нэрээ татсан бол заалнаас Ж.Мөнхбатын нэрийг дэвшүүлсэн. Гэвч Ж.Мөнхбат нэрээ татсанаар У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар МАН-ын даргад өрсөлдлөө.

МАН-ын даргаар сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх нь өнгөрсөн аравдугаар сарын 4-нөөс Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж буй юм.

Ухнаагийн Хүрэлсүхийн товч намтрыг хүргэе

Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

·  1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

·  1989 онд Батлан хамгаалахын их сургууль

·  1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

·  2000 онд МУИС төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.  

Ажилласан байдал:

·  1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

·  1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

·  1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

·  1996-1997 онд МАХН-ын “Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал

·  1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

·  2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

·  2000-2004 онд УИХ-ын гишүүн

·  2004-2008 онд УИХ-ын гишүүн

·  2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд

·  2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

·  2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

·  2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

·  2012-2013 онд УИХ-ын гишүүн

·  2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд

 ·2016 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан.

  Тэрээр 2017 оны 10 дугаар сараас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж буй юм.