Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 80 орчим мянган хүүхдээр бүл нэмж, монголчууд бид 3 сая 300 мянгуулаа боллоо. 

Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой өсөж 70 саяд хүрлээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь болж, унаж байсан бол 2019 онд 7.3 хувь болж сүүлийн гурван жилд 6 дахин нэмэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 8 их наяд төгрөгийн дотоод болон гадаад өрийг төлж барагдууллаа.

Улс орныхоо эдийн засгийг сэргээж, тогтвортой хөгжлийг хангахад бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал байр суурь эзэлж буйг баярын энэ өдөр би зориуд тэмдэглэн хэлье.

Сүүлийн 20-оод жил ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эдийн засагт хохирол учруулж ирсэн нийслэлийн агаарын бохирдлыг төр засаг ард иргэдийнхээ хамтын хүчээр 40-50 хувиар бууруулж чадлаа. Ирэх жил бид энэ амжилтаа улам бататгаж, Улаанбаатар хотод сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг шинээр барьж, ашиглалтад оруулна. Үүний үр дүнд Улаанбаатарын утааг дахин 20-30 хувиар бууруулж  чадна.

Олон жил байгаль дэлхийг сүйтгэж, хүн ардыг бухимдуулж ирсэн хууль бус, хариуцлагагүй уурхайг эмхэлж, цэгцлэх ажлыг Засгийн газар эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд хууль бус 184 лицензийг цуцалж, хариуцлага алдсан ААН-үүдээр нөхөн сэргээлт хийлгэж байна.

2020 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно.

Ерөнхий сайдын мэндчилгээг дүрс бичлэгээр хүргэж байна.