Эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, коронавирусийн цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний асуудлыг хэлэлцэж, хоёр тогтоол гаргалаа.

Нэгдүгээрт, коронавирусийн цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол

Хоёрдугаарт, тус цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллын сайжруулах хоёрдугаарх багц арга хэмжээний тухай юм.

Тус тогтоолоор 0-18 насны хүүхэд бүрт сар бүрт олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 100.000 төгрөг болголоо. 4 дүгээр сард хүүхэд бүрт 30.000 төгрөг олгосон. Маргаашийн дотор 4 дүгээр сарын үлдэгдэл 70.000 төгрөгийг хүүхэд бүрт нөхөж олгоно. 

Өөрөөр хэлбэл, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр сард буюу бүтэн зургаан сарын хүүхэд бүрт сар бүр 100.000 төгрөгийг Засгийн газраас олгоно. Үүнд нийт 547.2 тэрбум төгрөг зарцуулна.

Мөн хүнсний талоны хэмжээг нэмлээ. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой өрхийн иргэдэд дэмжлэг үзүүлдэг. Насанд хүрсэн нийт 122.3 мянган хүн бий. Тэд сард 16.000 төгрөг авдаг. Энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 32.000 төгрөг болголоо. Хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16.000 төгрөг болгож нэмлээ. Энэ мөнгийг нийт 118.2 мянган хүүхэд авдаг. Тавдугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-н хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно.

Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан бий. Энэ хүмүүс сард 188.000 төгрөг авдаг. Тус мөнгөн дээр нь 10 дугаар сарын 01-н хүртэл сар бүр 100.000 төгрөг нэмж, нийт 288.000 төгрөг олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй 42.500 орчим иргэн байдаг. Энэ хүмүүс мөн сард 188.000 төгрөг авдаг. Үүнийг нь 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 10 дугаар сарын 01-н хүртэл сар бүр нийт 288.000 төгрөг олгохоор боллоо. 

Мөн нийт 16.500 орчим өнчин хүүхэд, 116 одой иргэн байдаг. Тэдэнд олгодог тэтгэмжийг мөн 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 288.000 төгрөг олгоно.

Өрх толгойлсон, 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эх сард 188.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Үүн дээр мөн сары бүр 100.000 төгрөг нэмж олгоно.

Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авдаг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эхчүүдийн тэтгэмж дээр тавдугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-н хүртэл 100.000 төгрөг нэмж олгоно. Үүнд нийт 31.3 тэрбум төгрөг зарцуулна" хэмээлээ.

Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 793 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Санхүүжилтийн эх үүсвээрийг Төсвийн тухай, Засгийн газрын нөөц сангийн тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг холбогдох хуулиудад нийцүүлэн шийдвэрлэсэн гэв. 

Дэлхийн нийтийг хамраад буй Коронавируст цар тахлын улмаас цуцлагдсан улс, тив дамнасан томоохон арга хэмжээнүүдэд зарцуулагдахаар төсөвлөсөн мөнгө, сургууль боловсролын үйл ажиллагааг зогсоосноос хэмнэгдсэн зарим төсөв гэгчилэн хуримтлагдсан мөнгийг зориулалтыг нь өөрчлөх байдлаар дээрхи багц арга хэмжээний санхүүжилтийг хийх боломжтой гэж үзжээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүн бүрт тааруулж биш, нийгмийн эрх ашгийн төлөө Засгийн газар шийдвэр гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэлхий нийтийг заналхийлж буй Коронавируст халдварын тархалтын үед иргэдээ улс орноо, иргэдийнхээ амь насыг хамгаалахын тулд УОК-ын шийдвэрийг дагаж биелүүлнэ ”гэлээ