Хятадад анх удаа муурны генийг хуулбарлах ажлыг Бээжинд төвтэй амьтан хувилдаг компани “Синоген” хийжээ.

Муурны эзэн нас барсан тэжээвэр муурныхаа ижил генетик хувилбарыг хийлгэхийн тулд 35,000 доллар зарцуулсан байна. Тэрээр тус компанийн талаар сонссон даруйдаа, цэцэрлэгт хүрээлэнгээс үхсэн муурныхаа цогцосыг ухан, хөргөгчинд хийжээ. Учир нь 23 настай бизнесмен, муурныхаа үхэлд өөрийгөө буруутган маш их гэмшсэн учраас түүнийг амилуулахыг хүссэн хэрэг.

Тэрээр “Миний муур Дасуан өвчний улмаар нэг сард үхсэн юм. Хэрвээ миний хайхрамжгүй байдлаас болоогүй бол тохиромжтой цагт эмчилгээ хийлгэн, тэр өдийд амьд байх ёстой” хэмээн муурны эзэн China Daily-д ярьжээ.

Синогений энэ просцесст ашигласан тээгч эх нь нас барсан мууртай адил үүлдэр биш аж.  Гэсэн хэдий ч хуулбар нь бараг төгс болсон тухай Синогений дэд захирал Жао Жанпин сэтгүүлчдэд хэлжээ. Энэхүү захиалгыг өгсөн эрхэм ч сэтгэл хангалуун байгаа бөгөөд хуулбар нь түүний хайртай мууртай 90 хувь ижил гэж хариулжээ.

Сонирхуулахад тэжээвэр амьтандаа хайртай залуу муур нь үхээд 6 цагийн дараа тус компаний талаар олж мэдэн холбоо тогтоосон юм. Компаний ажилтнуудын мэдээлснээр 24 цагийн дотор л эсийг гарган авах боломжтой аж.