ТОКИО. /Kyodo/. Өнгөрсөн тавдугаар сард Японы Нагоя хотын “Хигашияма” амьтны хүрээлэнд үхсэн матрын ходоодноос 330 гаруй зоос гарчээ. Уг матар аялагчдын хүслээ шивнэн цөөрөм рүү шидсэн зоосыг олон арван жилийн турш залгисан байжээ.

Матар 5 болон 10 иений зооснуудыг залгисны улмаас үхээгүй болохыг мэргэжилтнүүд тогтоосон боловч матрын цөөрөм рүү зоос шидэх нь аз авчрахгүй гэдгийг тэд сануулсан байна. 

1965 онд “Хигашияма” амьтны хүрээлэнд ирсэн матар 54 насалжээ. Задлан шинжилгээний дүнгээс үзэхэд зооснуудын улмаас аль нэг эрхтэн доголдсон гэх шинж тэмдэг ажиглагдаагүй аж.

Матрыг эхний 20 жилийн турш шилэн хоргоны цаанаас үзүүлдэг байсан бол 1989 онд цөөрөм нээгдсэнээс эхлэн матрыг ойроос харах боломж аялагчдад бүрджээ. Тухайн үеэс хойш хүмүүс матрын цөөрөм рүү зоос шидэж эхэлсэн бөгөөд зоос шидэхгүй байхыг хүссэн сануулах тэмдэг байруулсан боловч үр дүнд хүрээгүй байна. 

Япон заншлын дагуу сүм дуганы өмнө орших модон хайрцаг руу зоос шидэх нь ирэх ондоо азтай байхыг бэлгэддэг. Гэвч зарим хүн хиймэл цөөрөм болон усан оргилуур руу зоос шидэх тохиолдол түгээмэл гардаг аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг