БАНГКОК. /The Guardian/. Тайландын хойд нутгийн На Ной дүүргийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үхсэн зэрлэг бугын ходоодноос гялгар уут, найруулдаг кофены уут, химийн мяндас зэрэг 7 килограмм хаягдал гарчээ.

Буга үхэхээсээ өмнө “удаан хугацааны турш” хуванцар идсэн байсан” гэж “Khun Sathan” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан мэдээлжээ. Энэ сарын 25-нд эргүүл хийж байсан ажилтан 10 настай бугыг олсон бөгөөд үүний ходоодноос угаалгын бээлий, бэлэн гоймон, жижиг алчуур хүртэл гарсан байна. 

Мэргэжилтнүүд бугын хоол боловсруулах систем хуванцруудын улмаас хаагдсан хэмээн таамаглаж байгаа хэдий ч судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Энэ мэдээ цацагдсаны дараа нийгмийн сүлжээний олон хэрэглэгч цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахдаа хог хаягдлаа ил задгай хаясан хүмүүсийг шүүмжилжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг