Нийслэлийн Статистикийн газраас өргөн хэрэглээний барааны судалгааг гаргажээ.

Махны үнэ:

Энэ оны XII сарын 3 дугаар долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6750 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дундажаар 8445 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 25 төгрөгөөр (0.3%), үхрийн цул махны үнэ 70 төгрөгөөр (0.7%) тус тус өсчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгийн үнэтэй зарагджээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 70 төгрөгөөр (1.0%) өсөж, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:

Энэ оны XII сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

 “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг,

1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 

2-р зэргийнх 800-1000 төгрөгөөр худалдаалагджээ.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

2018 оны XII сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 0.5 хувиар өсөж 1060 төгрөгөөр, хүрэн манжин 2.8 хувиар буурч 1385 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.