Технологийн хувьсал дэндүү хурдтай явагдаж буй энэ үед бүх зүйл дижитал суваг руу шилжиж байна. Буйдан дээрээ суугаад дэлхийтэй холбогдож, хэрэгтэй мэдээллээ мэдэх боломжтой нь сайхан ч хүн хүнтэйгээ харьцах амьд харилцааг бага багаар устгаж байгаа мэт санагдана. 

Ажлаа тарж очоод гэр бүлээрээ ширээ тойрон суугаад ярилцаж, оройн хоолоо "амттай" иддэг тэр үе аль хэдийн алга болжээ. Бүгд ухаалаг утастай, интернет орчиноос хамааралтай болсон. Энхрий үрсийнхээ өхөөрдөм үйлдлийг харж баярлан суух ээж аав ч өдрөөс өдөрт багасаж байна. "Хүүхэддээ утас өгөөд саатуулдаг, өгөхгүй болохоор уйлаад байдаг юм" гэх үгээр өөрсдийгөө зөвтгөнө. Юугаа ч мэдэхгүй бяцхан зүрх аав ээжийнхээ хайрыг төхөөрөмжөөр орлуулж, тэнд хохирсоор. 

Хүүхэд бол та бидний тусгал мөн. Та хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд загнах хэрэггүй, түүний оронд биеэрээ үлгэрлэх хэрэгтэй. 

Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. .

Энэ бол бодит жишээ. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг. Та ямар үйлдэл хийнэ, хүүхэд түүнийг дуурайдаг. Та ном уншвал хүүхэд дагаад ном уншина. Та бусадтай харьцахдаа уурлаж уцаарладаг бол хүүхэд мөн л тэгж өснө. Утас оролдохыг нь болиулмаар байгаа бол өөрөө утсаа больж, хүүхэдтэйгээ илүү дотно, амьд харилцаа үүсгэх хэрэгтэй. 

Бүх хүн хоол идсэн ч, хэвтсэн ч, найзуудаараа уулзаж байхдаа ч утаснаасаа салахаа больжээ. Бид утсаа удирдаагүй, ухаалаг утас, сошиал ертөнц биднийг удирдаж байна. Сошиал ертөнцөд юу идсэн, юу уусан, хэнтэй уулзсан гээд үйлдэл бүрээ, хамгийн хөөрхөн гарсан зургаа нийтлэж, хамгийн ухаалаг үгсийг шивдэг. Эргээд хүмүүсийн үзүүлсэн лайк, зүрх, магтаалын үгсээр тэжээгдэж түүндээ улам донтож байгаа.  

Би сошиал орчинд 5000 найзтай мөртлөө, найзгүй. Тэд бүгд миний оруулсан нийтлэл, зурагт дуртай бөгөөд сонсоход сайхан үгсийг харамгүй хайрладаг. Тэдэнд таалагдахын тулд үргэлж сайхан зүйлийг бичиж, сайхан харагдах ёстой. Уйлж байгаа ч инээсэн зургаа оруулах ёстой. 

Бид энэ мэт өөрсдийн бүтээсэн хиймэл ертөнцдөө амьдарч, бодит амьдралаа мартсаар...

Сошиал ертөнц гэдэг өнгөн талдаа сайхан ч, биднийг улам ганцаардуулж, стресстүүлж байна.

Хацраа сайрттал гадаа тоглож, ээжийг дуудахад гэртээ ормоор. Сошиал ертөнцөд биш гадаа сааданд тойрч суугаад бүрий болтол охидын яриа ярьж, нүүрэндээ үрчлээ суутал инээмээр. Хавар болж урин ороход хамгийн гоё хувцасаа өмсөөд үеийн залуутай хөтлөлцөн алхмаар. Хаа нэгтээ цугларч дээс тоглож, галуун цуваадмаар. Найзуудаараа нийлж нар жаргатал баавгайн чих тогломоор. Үнэнээсээ уйлж, үнэнээсээ уйлдаг энэ үерүүгээ буцаж болох уу?