Шинэ төрлийн коронавирус анх дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод сурч байсан 31 монгол оюутныг өнөөдөр Улаанбаатарт авчирсан. Иргэдээ татаж авах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг БНХАУ-ын тал өчигдөр хүлээж авснаар, тэд эх орондоо ирлээ. МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор авчирч, тусгай автобусаар шууд ХӨСҮТ рүү аваачин нэг, нэг өрөөнд тусгаарлаад буй. /Онгоцноос шууд тусгай аттобусаар ХӨСҮТ рүү аваачсан фото мэдээг ЭНД дарж үзнэ үү/

Тэдгээр оюутны нэг нь "Сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа" хэмээн ХӨСҮТ-ийн тусгаарлах өрөөнөөсөө цахим хуудсаар сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэж байна.

Тэрээр "Сайн байцгаана уу. Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хил, гаалийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж ямар нэгэн халдвар аваагүй гэж үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ. 

Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье. Удахгүй тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, чадах хэрээрээ нийтлэл бичин оруулах болно.

Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарынхаа нарийн хяналтан дор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх.

Өчигдөр орой Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж, бид эцсийн цэг болох ХӨСҮТ-ийн дулаахан, сайхан энергитэй өрөөнүүдэд ирснээр өндөрлөж байна. Оюутан бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрийг дагаж тус тусдаа тусгаарлагдаад байна.

Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байх нь ээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхав дээ. Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа. Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаардагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.

Одоо гол зүйлдээ орье.

Ухань хотоос надтай хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар надруу яаралтай холбогдохыг хүсэж байна. Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа. Тэд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн Монгол дугааргүй байна.(би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү.)

Тиймээс ахин сануулъя оюутнуудын маань гэр бүлийнхэн надтай яаралтай хувь чатаар холбогдоорой. Цаашаа share хийж дамжуулж өгнө үү.

Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа. Таны сайхан сэтгэлд талархаж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Бээжин хотод суугаа Монгол Улсын элчин сайдын яам, Консулын газар, МИАТ, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Онцгой байдлын газар, ЦЕГ та бүхэнд баярлалаа.

Монголын ард түмэн, төр засгийнхаа "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй,

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.

А. Золбоо
2020.02.01
МОНГОЛ УЛС, ХӨСҮТ, тусгаарлах байрнаас" гэжээ.