Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт, аймаг нутгаараа золголт хийдэгийг цуцлах саналыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна. Улсын Онцгой комисс мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Ухань дахь монголчуудаа татан авна гэсэн бичгийг энэ сарын 26-ны өдөр Хятадын талд илгээсэн. Хариу хүлээж байна. Хэрэв хариу ирвэл МИАТ компани 6 цагийн дотор нисэхэд бэлэн байгаа, бэлтгэлийг бүрэн хангасан. Одоогоор тус хотоос 56 улс иргэнээ авах зөвшөөрөл хүссэн. Мөн Эрээн хотоос манай улсын 100 орчим иргэн бидэнд хандаж эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Бээжин, Шанхай, Хөх хотод байгаа оюутнууд ч бас бидэнд хандсан, холбоотой байгаа. 6-10 автобус гаргаж Замын-Үүд рүү гаргасан. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Улсын онцгой комисс удаа дараа хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байгаа. Коронавирусийн тохиолдол орж ирэх эрсдлийн үнэлгээг гурван удаа хийхэд эхний удаа дунд, дараагийн удаад дундаас дээш эрсдэлтэй гэж үнэлсэн бол сүүлд өндөр эрсдэлтэй гэж үнэлээд байна. Японоос ойрын хугацаанд 2,500-3,000 оношлуур авахаар ажиллаж байгаа. Ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай.Үүнийг хувийн хамгаалах хэрэгсэл огт байхгүй гэж бүү ойлгоорой. Одоогоор 100 хүн 10 хоног хэрэглэх л нэг удаагийн хэрэгсэл байгаа. Манай улсад байгаа эрүүл мэндийн ажилтны хамгаалалтын хувцас хуучирсан, орчин үеийн шаардлагыг хангахааргүй байгаа нь үнэн. Амны хаалтны хувьд асуудал үүсэж байна. Манай улс амны хаалт үйлдвэрлэдэг ганц үйлдвэртэй.  Гэтэл түүхий эдээ Хятад улсаас авдаг. Түүхий эдээ халдварын голомтот байгаа Хубэй мужаас татдаг.  Гэхдээ амны хаалт хараахан тасарчихаагүй. Сайн санаачлага дотоодын ААН-үүдээс ирж байгаад баяртай байна.