Та үүнийг уншиж байхдаа гар утсаа хэр ойр тавьсан бэ. Ширээн дээр хажуухандаа тавьсан уу, эсвэл орныхоо хажууд уу. Халаасандаа ч хийсэн байж болох. Утас тань хэчнээн хэрэгтэй байлаа ч дэлэм зайнаас наана тавихгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Ингэснээр та урт хугацааны нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалах боломжтой аж. 

Эрдэм шинжилгээний салбарынхан гар утаснаас ялгардаг радио долгионы энергийн нөлөөний талаар зөвшилцөлд хүрэх гэж байна. Хараахан хүрээгүй байгаа ч Калифорнийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан зөвлөмж эрдэмтдийн санааг ерөнхийд нь илэрхийлжээ. 

Тус хүрээлэнгийн тэргүүн, доктор Карен Смит “Гар утсаа халаасандаа хийхгүй, унтдаг газраасаа хол байлгах гэх мэт энгийн аргаар насанд хүрэгсэд болон хүүхдүүд эрүүл мэндээ хамгаалах боломжтой” хэмээв. 

Хүүхдийн тархи өсвөр нас хүртлээ хөгждөг тул гар утаснаас ялгардаг энергиэс хамгаалах хэрэгтэй аж. Монголд гэхэд л гар утасгүй хүн байхгүй, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 3,371 мянган хүн үүрэн утас идэвхтэй ашигладаг гэнэ. Мөн манай эцэг, эхчүүд хүүхдээ найман нас хүрэхэд анхны гар утсыг нь авч өгдөг. Гэтэл нас бага тусам гар утасны радио долгионд өртөмтгий байдаг. 

Хүмүүсийн дийлэнх нь шөнийн цагаар утсаа оролдож байгаад л дэрэн доороо юм уу, хажуудаа тавиад л унтдаг шүү дээ. Энэхүү хорт долгионоос та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй. 

  • Гар утсаа биеэсээ хол байлгах 
  • Сүлжээ бага газар гар утсаа аль болох бага хэрэглэх
  • Дуу сонсох, бичлэг үзэх, том хэмжээтэй файл татахдаа гар утсаа ашиглахгүй байх
  • Унтахдаа утсаа хол тавих
  • Хэрэглэхгүй үедээ чихэвчээ авч занших
  • Утасны радио долгион хязгаарладаг гэх бүтээгдэхүүнүүдээс зайлсхийх. Учир нь ийм бүтээгдэхүүн үр дүнгүйгээс гадна байдлыг улам дордуулах магадлалтай.

Орчин цагт гар утасны хэрэглээгээ багасгана гэдэг утгагүй санагдаж мэдэх. Гэсэн хэдий ч эрүүл мэндээ та юмны түрүүнд чухалчлах хэрэгтэй. Огцом багасгаж өөртөө дарамт бололгүй багаас эхлээрэй. Гар утас таныг чимээгүй хөнөөж байгааг санаж явбал хөшүүрэг болно.