НЬЮ-ЙОРК. /EurekAlert/. Ажлын ядаргаагаа тайлж амрахын тулд ухаалаг гар утсаа ашиглах нь тархийг улам ядрааж, бүтээмжийг нь улам дордуулдаг гэдэг дүгнэлтийг АНУ-ын Ратгерсийн их сургуулийн судлаачид хийжээ.

Эрдэмтэд ухаалаг гар утас тархинд хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд 414 оюутанд 20 таавар таалгажээ. Ингэхдээ туршилтад оролцогчдод нэг удаа завсарлага авахыг зөвшөөрсөн байна. Тэд амрах үедээ гар утсаа үзэх, дэвтэр ашиглах эсвэл зөөврийн компьютер дээр өнгөрөөх, эс бөгөөс ямар ч завсарлагагүйгээр бодож болох байв.

Завсарлагын үеэр гар утсаа оролдож байсан оюутнууд үлдсэн даалгаврыг биелүүлэхэд 19 хувиар их цаг зарцуулсан бол амрах хугацааг өөрөөр өнгөрөөсөн хүмүүстэй харьцуулахад 22 хувиар цөөхөн таавар бодсон байна. Гар утас ашигласан оролцогчид даалгаврыг дуусгасныхаа дараа маш их ядарсан байсан бөгөөд таавруудыг бодоход муу үр дүн үзүүлжээ.


Эрдэмтдийн тайлбарласнаар, гар утас нь хүний анхаарлыг илүү их татдаг нь гүйцэтгэж байгаа ажилдаа буцаад ороход нь саад болдог байна. Энэ нь утас руугаа харах ганцхан харц нь хүмүүсийг зурвасаа шалгах, хэн нэгэн рүү бичих, эсвэл зарим мэдээллээ шинэчлэх гэх мэт зүйлсийн талаар бодоход хүргэдэгтэй олон талаар холбоотой ажээ. Энэ утгаараа компьютер дээр ажиллах үед ч тархи өөр өөр байдаг болохыг эрдэмтэд дурдсан байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг