Хятадын хаа нэгтээ номын дэлгүүр таарвал та ороод орчин үеийн уран зохиолын эгнээг гүйлгээд нэг хараарай. Хавтсан дээрээ 余华 гэсэн ханз бүхий номууд нэлээд зайг эзлэн байх вий. Тэр хоёр ханз бол одоо таны унших гэж буй “Амьдрахуй” туужийн зохиолч Үй Хуагийн нэр юм шүү дээ.


Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуа 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ.


Үй Хуа одоогоор дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиснаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай.


Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж билээ.


Фү Гүй өвгөн ганц үхрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их ээ олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй:

“Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчих вий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулдаг.


Тун чиг хөгтэй энэ хэсгийг эхлээд уншихдаа өөрийн эрхгүй инээж орхисон. Хөгжилтэй ч хүн бол доо гэж. Зохиол дууссаны дараа эргээд энэ хэсгийг уншаад инээх биш, мэгшиж уйлсандаа. Дотор зангираад болдоггүй, найз руугаа бичтэл намайг “Уяхан замба тивийн наран” минь ээ гэж байна. Нээрээ уртын дуугаа сонсож уужиръя хэмээн бодлоо.


“Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ” гэсэн хэсэгтэйг ер анзаарч сонсож байсангүй ээ.

“Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа тэмц. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй.”


Фу Гүй өвгөн үргэлж л өвгөн хэвээр байгаагүй нь мэдээж. Залуу идэр насандаа элбэг сайхны дээдийн өнгөнд нүд гялбан, зугаа цэнгэл, наргиан цэнгээн, чивэлт үйлд дурлан явахад, амьдралын утга учрыг эргэцүүлэх завдал ер тохиогоогүй болов уу. Эд хөрөнгөө үйрүүлж дууссанаас нь төд удалгүй эцэг нь өөд болж, эх нь хүнд өвчин нэрвэгдлээ. Цаг үеийн байдал ч ороо бусгаа болж, хоёр намын дайн дэгдэхэд эхдээ эмч залахаар явсан Фу Гүй дайны талбар луу ачигдана. Маргааш тэр үхэж ч магадгүй. Өнөөдөр нь мэндэлсэн шинэ танил нь, өөр өдөр овоолсон цогцос дунд хэвтэнэ. Өлсөж, ундаасан, ганцаардан, шаналахад өнгөрүүлсэн амьдрал нь зүүд мэт бодогдоно. Хоёр сайхан үрээ үнэрлэхсэн, хайртай гэргийгээ тэврээд хэвтэхсэн. Тэдэндээ очихсон гэхээс ‘амьдармаар, амьд л гармаар’.

Амьдрал түүнийг ивээжээ. Гэртээ буцаж ирэхэд эхнэр, охин, хүү хоёр нь ядуу зүдүү тарчигхан угтлаа. Гэвч Фу Гүйд амьдрах, амьд мэнд уулзах л дээдийн жаргал шүү дээ. Том охин Фэн Шиа нь хэлгүй болж, хүү Ёу Чин тусад оржээ. Амьдрах амаргүй байсан ч хайртай дотны хүмүүсийнхээ дэргэд халуун хоол иднэ гэдэг юутай сайхан.

Балчир байхдаа уншигч би шөнө сэрээд үнэн голоосоо айдаг байлаа. Нэг л өдөр би үхнэ, ээж ч үхнэ, аав ч үхнэ. Бүгд байхгүй болно гэхээс голдоо ортол дагжин чичирч, нойр хулждаг сан. Одоо харин аав ээжийнхээ сургаалыг дийлэхгүй залхдаг ‘том хүн’ болжээ. Гэтэл нэгэнт туулах амьдралын жамыг Фу Гүй хэмээх өвгөн сүнс чихэнд минь шивнэж сануулах нь тэр. Үнс чандруу болох хүмүүн бие бүрийг амжиж сайхан тэвэрмээр байлаа. Уйлмаар, бас хайрламаар байлаа.


Уйтан хорвоогоос уйд, гэхдээ Амьдралыг хайрла!


хэмээн нэгэн мэргэн ах надад захиж билээ. Уйтан хорвоогийн бүх юм болоод өнгөрдөг, бүтээд үгүйрдэг. Хорвоогийн жамыг сөрөх хэн ч, юу ч үгүй. “Бүх юм ГЭТЭЛ, НЭГЭН ӨДӨР байдаг” гэдэг үг шиг, хөмрөөд унахад нь л анзаардаг хүний харалган намайг хэд сайхан уйлуулж авсан энэ зохиол, өглөөнөөс үдэш хүртэлх өдөрт, үзэсгэлэнтэй зүйлс дэндүү олон байдгийг мэдрүүлж чадсан юм даа..

Баярлалаа, амьдрал минь.

Баярлалаа, хүмүүс минь.

Баярлалаа, ном минь..


Ариунсанаа