Өчигдрөөс үлдсэн зүйлсийг  энд өгүүлэхээр шийдэв.  Улсын драмын эрдмийн театрт өчигдөрхөн “Анна Каренина” жүжгийн тухай  хэвлэлийн хурал болсон.  “Ээдрээтэй” ийм асуулт, хариултууд бас энд тэнд дурдагдаагүй үлдсэн гээч. 

Яагаад хоёр Анна гэж…

 Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Жаахан бодох хэрэгтэй. Толгойгоо  ажиллуулах хэрэгтэй. Та нар бэлэн хоол нэхээд байх юм. Энэ чинь шоу биш, концерт биш, театр. Театрт хүн хамгийн ганган дэгжин хувцсаа өмсч ирээд, анхаарлаа төвлөрүүлээд, бүхий л оюун санаагаа зөвхөн тэр  бүтээлд чиглүүлээд, үздэг. Л.Толстойн зохиолын гол онцлог асуулт үлдээдэг. Энэ яг улаан өнгө гэж хэлэхгүй. Та өөрийнхөөрөө ойлго. Сонгодог зохиолын гол утга учир үүнд байгаа.  Тийм ээ, энэ бол час улаан өнгө гээд хэлчихэж болохгүй шүү дээ.     

Би нэг сонирхолтой юм ярих уу. Манай нэг найз “Чамайг твиттерт ингээд биччихэж" гээд үзүүллээ. 

Нэг хүн “Хөөе, Н.Наранбаатар аа, чи юм уншаач ээ. Наад толгойгоо ажиллуул. Анна Каренина 27-хон настай ойлгож байна уу. Н.Сувд өнөөдөр дал гарсан, ойлгооч чи” гэсэн.  Манай нийгмийн гажуудал энэ.  Юмны эцсийг ерөөсөө үзэхгүй, харахгүй.  Түрүүлээд дуугарна.

  Ийм сагсуу зангаа болих хэрэгтэй. Эхлээд ирээд үз. Дараа нь намайг доромжил. Хоёр Аннагийн тухайд Н.Сувд багш ярих байх гэлээ.

   Н.Сувд “Монголын үзэгчид асар ухаантай гэж боддог. Энэ хоёр Аннаг зөв ойлгох байх аа. Янз бүрээр ойлгож болно л доо. Хүн энийг яаж ойлгох нь надад сонин байна. Хоёр Анна гаргаж ирсэнээрээ хүнийг бодуулах шийдэл хийлээ гэж найруулагчдаа баярлаж байна. Сонгодог жүжиг гэдэг үүгээрээ л сонин, ухаад ухаад баршгүй гүн утга агуулгатай байдаг. Энэ зохиолыг аль ч талаас нь яаж ч уншиж болдог. Энэ романаар ганц жүжиг бус олон жүжиг хийж болно” хэмээн бөөрөнхий хариулт өглөө. 

Харин Лев Толстойн “Анна Каренина” романыг жүжгийн зохиол болгосон орчуулагч Н.Пүрэвдагва гуай сонсогчдын толгойг бүр эргүүлэв. 

 “Анна гурав байгаа” гэж тэр хэллээ. “Хамгийн сүүлд хоёр Анна ярьж байхдаа “Миний охин Аннаг ч ийм хувь заяа хүлээж байгаа юу гэж асууж байгаа биз. Бас гурван Серёжа бий. Энэ бол агуу Толстойн өөрийнх нь шийдэл. Хоёр дахь Аннаг гаргаж ирэхдээ  өөр хэдэн настай Аннаг гаргаж ирэхээр бодсон юм бол?” гэнэ. Хариулт бус бас л нэг асуулттай үлдлээ.

 Анна тэнэг хүүхэн гэж үү?

 Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Аннаг тэнэг хүүхэн гээд та ярьж байна. Энд тэнэгийн тухай ухагдахуун огтоос байхгүй. Хайгаад ийм факт олохгүй. Би хоёрхон зүйл хэлье. Анна бол энэ жүжигт гарч байгаа хамгийн шударга бүсгүй. Нууц амраг болж яваагүй шүү дээ. Үнэнээ хэлээд, би  өөр хүнд сэтгэлтэй болчихлоо гэсэн. Мэдээж, хань ижилтэй мөртлөө өөр хүнээс хүүхэдтэй болно гэдэг хэлэхийн аргагүй том асуудал. Маш том хэрэг. Гэхдээ энэ бүгдийг даван туулаад, хайр сэтгэл, цохилох зүрхнийхээ төлөө дуугарч чадсан  бүсгүй.

 Нөгөө талаар энэ жүжиг үйлийн үрийн тухай юм. 

Эндээс ямар гаргалгаа гардаг гэхээр  Амьдрал гэдэг хүссэн бүхнээ биелүүлэх диваажин биш. Өгөгдсөн хязгаараас бүү дав.  

Одоо би таны яриад байгаа өнцгийг тодруулж өгч байна шүү дээ. Аливаа юм хязгаартай.  Бүү давар. Нэг ийм утга гарч ирж байна л даа. Би зохиолд байгаа фактын талаар ярьж байна. Уншигч авхай олон өнцгөөс харж болно. Нөхрөө хуурсан янхан хүүхний тухай жүжиг гээд яриад эхэлвэл үнэхээр бүдүүлэг.

 Хайр ба зовлонгийн тухай

  Ерөнхий найруулагч Н.Наранбаатар алга хавсран хэсэг суух нь залбирах мэт харагдана. Тэрбээр Лев Толстойн зохиолын тухай ярихдаа ч зовлон, үйлийн үрийн тухай дурдаж, Буддын философи ханхлуулаад авав.

 “Хүн бүр өөр өөрийнхөөрөө зовдог. Энэ  өгүүлбэрт  буддизм үнэртэж байгаа юм. Бурхан багшийн сургаалд “Амьдрал тэр чигээрээ зовлон” гэсэн. Зовлонгоос ангижирч байгаа агшин бүр, инээмсэглэж байгаа агшин бүр маань аз жаргал. 

Дээд сургууль төгсөөгүй хүн  байж болно. Мэдлэг боловсролгүй байж болно. Хүн хүссэн хүсээгүй амьдралыг туулж явж байгаад жаран насандаа амьдралын философи гэдгийг ойлгодог байхгүй юу. 

 Монголчууд 60 хүрч ухаан суугаад, 61-тэй ”баяртай” болдог  гэж ярьдаг шүү дээ. Энэ бол тоглоом шоглоом биш. Амьдралын процесс хүнд туршлага болдог. Энэ туршлагатай хүн нь  амьдрал туулах гэж байгаа хүнтэй хэрхэн яриа үүсгэж болох вэ?

Байшин барихад технологитой.  Нэг л зүйлийг томъёолж чадахгүй. Энэ бол хайр. Хайрын жор гэж энэ ертөнцөд байдаг юм уу? Хайр яаж төгсөхийг хэн ч тааж чадахгүй. Тэгэхээр нөгөө хүн ч сургаж чадахгүй.

 Амьдралын туршлага байлаа ч хайрыг номлож чадахгүй гэсэн шүү.