УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй. Яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд санал хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өмгөөллийн асуудал нийгэм болоод иргэдийн дунд нэлээд асуудал дагуулж байгаа. Би хэвлэлээс авсан мэдээлэл, харагдаж буй байдлаас нь дүгнэж байна. Өмгөөлөгч өөрийнхээ үйлчлүүлэгчийг л өмгөөлөх ёстой байтал гарч ирж, бусдыг гүтгэж дайраад, сайн үзвэл улс төрийн мэдэгдэл ч хийгээд байгаа юм шиг зүйлүүд хийгээд байдаг. Би бол тухайн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг л хийх ёстой гэж ойлгож байгаа. 

Гэтэл үйлчлүүлэгчээ хамгаалах, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бусдад дарамт учруулах, хэвлэлээр дайрах зэрэг зүйлийг гардаж хийж буй нь Монголд олон байна. Хуулийн өөрчлөлтүүдээр эдгээрийг цэгцлэнэ гэж ойлголоо.

Мөн хууль хяналтын байгууллагуудад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юмуу халагдсан хүмүүс өмгөөлөгч хийдэг. Үүний хажуугаар улс төрийн зорилгоор бусдыг гүтгэх, матах ажлыг маш сайн хийдэг, асуудлыг улстөржүүлдэг. 

Энэ бүгдээс өнөөдөр үүсээд буй иргэд хууль хяналтын байгууллагад итгэдэггүй, янз бүрийн өнгөтэй /хар, саарал/жагсаалтад орох зэрэгт нэлээд хувь нэмэр оруулж байна.

Одоо саарал жагсаалттай холбоотой олон үйл нийгэмд яригдаж байна. Саарал жагсаалтыг далимдуулж Монголд болж, бүтэхгүй байгаа бүх зүйлээ хараад авчихлаа. Энэ талаас нь би олзуурхаж байна.

Тэгэхээр Монголд зайлшгүй өөрчлөх ёстой нэг зүйл бол өмгөөлөгчдийн ёс зүйн асуудал юм. Яг мэргэжлийн түвшинд байдаг, ярих зүйлээ шүүх танхимд орж ярьдаг, тэр хүртлээ үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах учиртай. Тэгж байж хуулийн цоорхойнууд, ил далд буй алдаа гажгууд засагдаж, үйлчлүүлэгчдийн эрх ашиг хангагдаж явах ёстой гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.