Бид өнгөрсөн харилцааныхаа араас, ажил дээрх бухимдалаас эсвэл зүгээр л  кино үзээд уйлдаг. Хацрыг даган урсаж, харааг бүрсийлгэж, нүдийг бүлцийлгэх энэхүү давслаг нулимс бидний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар та бодож үзсэн үү?

Калифорни мужийн сэтгэл зүйч Шарон Мартин “Би хүмүүсийг уйлахыг дэмждэг. Учир нь хуучин муу энергиэсээ ангижирч, шинэ өөдрөг энергиэр сэлбэдэг. Хүмүүс заримдаа уйлахаас санаа зовж, ичдэг. Ялангуяа олон нийтийн газар. Уйлах бол ичэх зүйл биш юм” гэж эрүүл мэндийн сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

Уйлахын давуу талууд:


1. Хорыг гадагшлуулдаг

Уйлах нь биднийг сэтгэл зүйн хувьд цэвэрлэхээс гадна биеийг бас цэвэрлэдэг. 

Стрессийн улмаас үүссэн нулимс нь бие махбодийг кортизол, стрессийн дааварыг нэмэгдүүлдэг химийн бодисоос ангижрахад тусалдаг. Судалгаагаар хийсэн шинжилгээний дүнд хүмүүс амьсгаагаа гаргах, шээсээ гадагшлуулах, хөлсөө гаргах, уйлахад биеэс хор давхар гадагшилдагийг тогтоожээ.

2. Бактерийг устгадаг

Уйлах нь бактерийг устгах сайн арга гэнэ. Нулимс нь лизоцим агуулдаг. Энэ бодис нь хөхний сүү, үрийн шингэн, шүлсэнд байдаг бөгөөд нийт бактерийн 90-95 хувийг 10 минутын дотор устгаж чаддаг.


3. Харааг сайжруулна

Нулимсны булчирхайнаас ялгарсан нулимс нь нүдний цөцгий ба нүдний зовхийг тослон цэвэрлэж, харааг сайжруулна. Нүдний мембран нь хуурайшихад бидний хараа бага зэрэг бүдгэрч болно. Нулимс нь нүдний гадаргууг чийглэн, мөн гаднах бохирдолоос үүссэн бохирдолыг угааж цэвэрлэдэг.

4. Занг засдаг

Нулимс нь ямар ч стрессний эмнээс илүү хүний сэтгэл санааг засч чадна. Судалгаагаар уйлах нь тайвшрахад туслан сэтгэлийн дарамтаас ангижрахад тусалдаг гэдгийг тогтоосон байна. Судалгаанд оролцсон нийт хүний 90 хувь нь уйлсаны дараа тайвширдаг гэсэн бол 8 хувь нь уйлах нь сэтгэл санааг нь улам доройтуулдаг гэжээ. Сэтгэл зовнил, сэтгэлийн эмгэгтэй хүмүүс уйлахын эерэг үр дагаварыг бага мэдэрдэг байна.

5. Стрессийг багасгадаг

Уйлсаны дараа бидний нөхцөл байдал хэвээрээ байсан ч сэтгэл тайвширч, илүү хөнгөн болсон мэдрэмж төрдөг. Уйлах нь биеэс стрессийн даавар болон хорыг гадагшлуулахад тусалдаг. “Уйлах нь аюулгүй бас стрессээс ангижрах үр дүнтэй арга” гэнэ. 

6. Харилцааг сайжруулна

Уйлах нь үгээр илэрхийлж чадахгүй үед үр дүнтэй, ялангуяа хүмүүсийн харилцаанд. Хүмүүс аливаа зүйлд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Харин уйлах нь маш тодорхой хариу үйлдэл юм. Жишээ нь: “Хүн заримдаа бүх зүйл зүгээр гэж харуулахыг хичээн, дотоод мэдрэмжээ далдлахыг хичээдэг. Гэвч гэнэт уйлж эхлэхэд бүх зүйл ил болдог” байна.

Гэр бүлийн харилцаа судлаачийн хэлсэнээр "Уйлах нь тэмцлийг тасалдуулж, үгээр илэрхийлэгдээгүй цэгийг онцолж, мэдрэмжийг харуулдаг" аж.