Засгийн газрын шийдвэрээр зарим бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өнгөрсөн лхагва гарагт УИХ-д өргөн мэдүүлсэн.

Тодруулбал, 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.

Тус хуулийн төслүүдийг УИХ яаралтай горимоор буюу ирэх долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. /Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Байнгын хороод хэлэлцэнэ/


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирэх баасан гарагт цахимаар явагдах бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

- "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсоно.