УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг өнөөдөр эцэслэн шийдэх юм.

Яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж, хуулийн төслийг санаачлагчид хариулт өгч байна.

Хэлэлцүүлгийн үеэр:

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Анх хуулийн төсөлд 62 гишүүн гарын үсэг зурахад миний бие оролцсон. Дараа нь ард нийтийн санал авахыг хориглосон Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор нэг ажлын хэсэг байгуулагдсан байна. Тэр ажлын хэсэгтээ МАХН-ыг оруулаагүй. Харин хууль бусаар суудалгүй хоёр гишүүнийг намын нэр барьж оруулсан. Харамсалтай нь тэр хоёр нь Ерөнхийлөгчид "дэлбэртлээ төмсөгдүүлсэн" хүмүүс байгаа. Тэгэхээр Үндсэн хууль зөвшилцөж буй юм бол ард түмэн, эсвэл УИХ-д суудал бүхий намуудтай зөвшилцөх, зөвшилцөхдөө зөвхөн Ерөнхийлөгчийн хоригийг хүрээнд зөвшилцөх ёстой. Гэтэл харамсалтай нь намын хүрээнд зөвшилцчихлөө. АН-ын өгсөн хүсэлтийг анхааран үзлээ гэж яриад байна" хэмээлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд оролцоогүй хүн, улс төр нам байхгүй гэж хэлж болно. Одоо батлах цаг нь болсон. УИХ өөрөө энэ асуудлыг хэлэлцээд батлах ёстой гэж уулзалтуудын үед иргэд хэлсэн.Тиймээс УИХ хариуцлагаа ухамсарлаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө зайлшгүй хийх ёстой. Гишүүд болон иргэдийн хамгийн их санаа зовж буй зүйл бол намын нэрэнд хавчуулагдаж, ёсзүйгүй, хариуцлагагүй УИХ-ын нэр хүндийг сүүлийн 25 жилийн хугацаанд унагаж ирсэн хүмүүс дахиад УИХ-д гараад ирэхвий гэсэн болгоомжлолын үүднээс Холимог тогтолцоог шүүмжилж байна" гэв.