УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор МАН-ын гишүүд олонхыг бүрдүүлсэн 2016-2020 оны УИХ отгон хаврын чуулганаа өнөөдрөөс завсарлуулахаар шийдвэрлэжээ.

Чуулган завсарлаж буйтай холбоотойгоор УИХ-ын долоон гишүүнийг төрийн манлай, шилдэг түшээгээр тодруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Я.Санжмятав, Т.Аюурсайхан нар төрийн манлай түшээгээр тодорчээ.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүдийг төлөөлж, УИХ-ын долоон гишүүнийг онцлон манлай түшээдээр тодрууллаа. Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцэл, төрийн түшээ тулгуур болдог хүмүүс бол манай туршлагатай парламентчид юм. Тэднийг бүтээхэд төр, парламент 20-30 жилийг зарцуулдаг. Энэ хүмүүсээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг онцолж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэгч, зөшилцөл, редакцын комисст идэвхтэй ажилласан Ц.Нямдорж бол Монгол төрийн хууль тогтоох ажиллагааны нөмөр нөөлөг, тулгуур юм. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстой.

Мөн коронавируст халдвартай тэмцэхэд эрүүл мэндийн салбараа манлайлан ажилласан, монголын төр иргэддээ асралтай, энэрэлтэй байхын бэлгэдэл болсон төрийн хатан эрдэнэ эмэгтэй гишүүдийг төлөөлж, нийт эмч, эмнэлгийн ажилтнуудыг төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг төрийн онцлох гишүүнээр тодрууллаа.

Хууль санаачлан баталсан тоо болон ажлын хэсэгт ажилласан байдал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон оролцоо, зохион байгуулсан үүргийг харгалзан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр шалгаруулж, өргөмжлөл тэмдгийг гардуулсан.

УИХ бол олонх, цөөнхийн тэнцвэрийн байгууллага. Цөөнхийн тэнцвэрийг хадгалж УИХ-ын чуулганд оролцсон ирц, бүтээлч хамтын ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан хувь нэмэр, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулан хэлмэгдсэн 600 гаруй хүнийг цагаатгах ажлыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг манлай түшээгээр тодруулсан.

Үнэн, зөвийн тэмцэлд манлайлан оролцож, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог ахалж, олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө, авлига, хахуультай тэмцсэн олон залуу гишүүдээ төлөөлж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг төрийн шилдэг залуу түшээгээр тодруулсан. Энэ долоон гишүүнээр төлөөлж УИХ-ын 74 гишүүнээ онцолж байна. Эдгээр гишүүний оролцоо гишүүн бүрийн үүрэг, оролцоотой салшгүй холбоотой" хэмээлээ.