УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нар өчигдөр “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Тус хөдөлгөөнийхөн өчигдөр “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. Улмаар тэд УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ыг тараах шаардлага хүргүүлж буйгаа уулзалтын үеэр гардуулан өгөв.

Энэ үеэр УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар “Та бүхний шаардлагыг УИХ-ын даргад уламжлах болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо явагдаж, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг шийдэж, энэ сарын 15-ны дотор батлах хуулийн хугацаатай учраас УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байна” гээд холбогдох хууль, журмын дагуу шаардлагын хариуг өгөхөө мэдэгджээ.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс