Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан,Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгаланнарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Д.Хаянхярваа нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Хууль санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан:

Иргэд сонгогчид болон улс төрийн намууд одоогийн жижиг мажоритар тогтолцоог ихээхэн шүүмжилдэг. Иймээс Улсын Их Хурлын сонгууль нь олонхийн буюу мажоритар тогтолцоотой байх бөгөөд 26 гишүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болж сонгох, харин 50 гишүүнийг жижиг тойргоос шууд сонгохоор тусгасан. Тиймээс энэ нь улс орны хөгжлийн бодлоготой уялдуулж хийж байгаа шинэ зохицуулалт гэж үзэж болно.Сонгуулийн тогтолцоог сонгохдоо бусад улсын туршлагыг судалж, өөрийн орны онцлог нөхцөлийг харгалзан үзэж зохицуулахыг хичээсэн. Бусад орны жишиг туршлагаас харахад мажоритар нь дотроо улсаараа нэг тойрог болдог, тойргийг бүсчилж тогтоодог, аймаг нэг тойрог болдог, одоогийн манай улс шиг жижиг тойргууд, мөн одоогийн холимог маягийн тогтолцоо гэсэн таван хэлбэртэй байдаг. Түүнчлэн судалгаа хийж үзэхэд хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль хийдэг 76 улсын 37 улс нь намын хаалттай систем хэрэглэдэг бол 39 улс нь бидний санал болгож буй энэ хувилбараар сонгуулиа явуулдаг юм байна.Тиймээс хуулийн төсөлд сонгогч нь тухайн намаас улсын хэмжээнд буюу том тойрогт нэр дэвшигч 26 хүнээс зөвхөн нэг нэр дэвшигчийг, жижиг тойргоос бас нэг нэр дэвшигчийг дугуйлж саналаа өгөхөөр зохицуулсан. Энэ нь сонгогч намыг биш нэр дэвшигчийг сонгож саналаа шууд өгч байгаа учраас Үндсэн хуульд харшлахгүй.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

Хуулийн төсөлд тусгагдсан сонгуулийн тогтолцоотой холбогдуулан туршилтын саналын хуудас хийж сонгуулийн санал тоолох машиныг шалгаад боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ хувилбараар сонгууль явуулахад саналын хуудасны тоо нэмэгдэхээр байгаа, одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 35 нам улсын хэмжээний тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлбэл 4 саналын хуудас болно. Гэтэл төсөвт сонгуулийн зардлыг нэг саналын хуудсаар тооцож баталсан учраас нэмж 3 саналын хуудасны зардал яригдана.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.