УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбоотой асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр СЕХ-ны гишүүн, ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "СЕХ энэ сарын 8-нд хуралдаж, сонгуулийн цаг хугацааны хуваарь болон сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан. 

СЕХ ирэх дөрөвдүгээр сард сонгуулийн байгууллагуудаа байгуулна. 

Нэгдүгээрт, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдана. Тус хороод дээд тал нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Ажиллах хүмүүс нь сонгуулийн тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид байна. Эдгээр хүмүүс СЕХ-ноос зохион байгуулсан сургалтад оролцож, гэрчилгээ авах ёстой. 

Хоёрдугаарт, дөрөвдүгээр сарын 14-нөөс өмнө сум, дүүргүүдийн нийт 340 орчим сонгуулийн хороог байгуулна. Тус хороонд мөн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллана.

Гуравдугаарт, сонгуулийн байгууллагын хамгийн жижиг нэгж буюу сонгуулийн хэсгийн хороодыг 5 дугаар сарын 15-наас өмнө байгуулна. Улсын хэмжээнд нийт 2000 орчим сонгуулийн хэсэг байгуулах тооцоо байна. 

Нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байх ёстой. Бүртгэх эсэхийг СЕХ дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө хуралдаж, шийдвэрлэнэ. 2016 оны сонгуульд 12 нам, 3 эвсэл оролцсон.

УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгох ажиллагааг тавдугаар сарын 5-16-ны хооронд зохион байгуулна. Нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгэнэ. 

СЕХ бүртгэгдсэн нэр дэвшигчдэд санал авахаас 22 хоногийн өмнө буюу нэг өдөр, нэгэн зэрэг нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Улмаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. 2016 онд 498 хүн нэр дэвшсэн" хэмээн мэдээллээ.