УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Холбогдох хуулийн заалтуудад үндэслэн дээрх тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах нь зүйтэй хэмээн үзсэнийг гишүүдийн олонх дэмжиж, батлав.

Мөн тус нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхээр тогтов.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, Хотын даргаар сонгогдсон тул нөхөн сонгуулийг явуулах юм. Тус нөхөн сонгуулийг дангаар нь зохион байгуулахад нэг тэрбум гаруй төгрөгийн зардалтай байх бөгөөд санал хураалтыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар зардал нь 100 гаруй сая төгрөг байх аж.