УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгох МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хурлын гишүүдийн ирц 84 хувьтай бүрдсэнээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлыг эхлүүлж, Шадар сайд Ө.Энхтүвшин хурлыг удирдан явуулж байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн УИХ-ын сонгуульд өөрийн багаа авч орно, нэр дэвшигчдэд үндсэн гурван шалгуур тавина гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Шалгууруудын нэг нь авлига, хээл хахууль болон ЖДҮ-ийн асуудалд холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэсэн юм.

Намынхаа Бага хуралд оролцохоор ирэх үеэрээ УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, залуучууддаа боломж олгоно. Намаа дэмжиж намынхаа сонгуулийн штабт ажиллана гэдгээ сэтгүүлчдэд хэллээ. Ц.Гарамжав гишүүний хэлж буйгаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин мөн нэр дэвшихгүй аж.

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ өнөөдөр эцэслэн тодруулах бөгөөд яг одоо МАН Бага хурлаа, АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж байна.