УИХ-ын Х.Булгантуяа коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн асуудлаар бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонссон цахим хэлэлцүүлэг хийлээ.

Тэрбээр энэ талаар өөрийн нүүр номдоо “Бизнес эрхлэгчидтэй хийсэн цахим уулзалтад маань нийт 80 гаруй аж ахуй нэгжүүд болон БЗД-ийн Засаг даргын орлогч н.Алтанзагас, БЗД-ийн татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцлоо. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг бизнес эрхлэгчид маань ойлгож төр засгийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч бизнес эрхлэгчдэд хүнд байгаа, ямар гарц гаргалгаа байж болох тухай маш ажил хэрэгч хурал бараг хоёр цаг үргэлжиллээ. Идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Та бүхний саналыг УОК, Засгийн газарт уламжилж та бүхнийхээ дуу хоолой болж ажиллахыг зорих болно” гэжээ.

Дашрамд дурдахад Х.Булгантуяа гишүүн сонгогдсон дүүрэгт нь анх коронавирус бүртгэгдэхэд дүүргийнхээ эмнэлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж, эмч нартай мэдээлэл солилцож байсан бөгөөд чуулганы хуралдаанд цахимаар эмнэлгийн гаднаас оролцож байсан юм. Мөн дүүргээсээ сонгогдсон гишүүдийн хамт дүүргийнхээ нэн ядуу болон зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний болон эд материалын тусламж үзүүлж байсан билээ.