УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой холбоотой асуудлаар түүний Ажлын албанаас өчигдөр дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

"Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" нь Ерөнхийлөгчийн тамгын газрын харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг

Монгол улсын Засгийн газар болон Кувейт улсын Засгийн газар хооронд "хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай" харилцан ойлголцлын санамж бичгийг 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хоёр тал үзэглэж "Монгол-Кувейтын судалгааны төв" байгуулагдсан. МУ-ын Засгийн газрын 2016 оны 110 дугаар тогтоолоор "Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв"-ийг аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн. БОАЖЯ-ны харьяанд ажилладаг учраас үе үеийн энэ салбарын сайд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. Харин дутуу баригдаад орхигдсон, ус, дулааны асуудлыг нь шийдээгүй, балгас болох шахсан барилгыг төсөл мөнгө олж бариулж гүйцээж, бүрэн тохижуулж, бүртгэл данстай болгож Төрийн өмчийн хороонд хүлээлгэж өгсөн. Түүнээс Оюунхорол гэдэг хүн хувьдаа авсан зүйл биш.

2018 оны 4 дүгээр сарын 25-ны Засгийн газрын хуралдааны “Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагын тухай” Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор “…Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, эко аялал жуулчалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчлагааны ажил зохион байгуулах чиг үүрэг бүхий “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлсан “Ногоон хөгжил говь” сангийн дор ажиллуулахаар шийдвэрлэж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгаж” энэ бий болгосон, бүтээсэн том хөрөнгө оруулалт, барилга байшинг Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Хурал чуулган дээр, олон нийтийн өмнө төр, Засгийн болж бүтэхгүй байгаа зүйлийг үнэнээр нь дуугарсны төлөө, ЖДҮ-ийн мөнгө завшсан сайд нартаа хариуцлага тооцохыг шаардсаны төлөө олон нийтийн цахим сүлжээгээр УИХ-ын гишүүний нэр төрд халдаж, элдвээр харлуулах, гүтгэх захиалгат ажил өдөр шөнөгүй явагдаж байгаад харамсаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн цахим хуудаснаа "Намайг хувьдаа завшсан гэж "кино" хүртэл хийгээд байгаа "Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв" нь Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын өмч шүү. Дуусгалгүй балгас болгож орхигдсон газрыг хөрөнгө, мөнгө босгож барьж байгуулж, тохижуулж Төрийн өмчид хүлээлгэж өгсөн дөө" хэмээн бичжээ.