Хүчингийн хэрэгт холбогдож улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Д.Гантулгын хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болох гэж байна. Энэхүү шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 10:00 цагт товлогдсон ажээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтаар буруутгаж буй юм.