Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн 187 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар сарын 17-ны 09.00 цагаас эхлэн хэлэлцсэн.

Нийт 9 өдөр буюу нийт 55 цаг орчим үргэлжилсэн шүүх хуралдаан дууслаа. 

Анхан шатны шүүхээс Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.


Улмаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 4 жил 6 сар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Н.Золжаргал, мөн хуулийн 22.1-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.Доржханд, Б.Минжбадам, Эрүүгийн хуулийн 22.1-3, 22.4-6 дахь (Улс төрд нөлөө бүхий этгээд хээл хахууль авсан) хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч, "Ялгуусан" ХХК-ийн захирал Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаав гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн Тамгын газраас мэдээллээ.