УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэж өөрчлөх саналууд тус тус дэмжигдсэнгүй. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Энхболд нар УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахыг хойшлуулах, МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив. 

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж,”, төслийн 4 дүгээр зүйлд “Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж,” тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.  

 Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх заалтын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Давхар дээлний асуудал олон зуун гишүүнтэй улсын парламентын хувьд таарч болно. Манайх шиг цөөхөн гишүүдтэй парламентын хувьд тохиромжгүй бөгөөд өнөөдөр гэхэд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа. УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд 4 хүртлэх гишүүд Засгийн газрын гишүүн байж болно гэж тусгасан байсан ч Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд Ерөнхий сайд л гишүүн байж болохыг, цаашлаад олон нийт давхар дээлийг 100 хувь тайлах саналтай байна. Давхар дээлийг тайлах хэрэгтэй гэж бид олон жил ярьсан ч яг шийдэх болохоороо гишүүд өөр зүйл ярьдгийг тодотгов. Хэрэв бид давхар дээлээ тайлахгүй бол ард түмний нүүрийг харах эрхгүй болно. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг гишүүдэд онцгойлон анхааруулж байлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сайн заалтууд орж байгаа ч гэсэн давхар дээлээ тайлж чадахгүй бол хараар будах болно гэдгийг сануулахын зэрэгцээ хэрэв дээрх заалтыг унагахаар шийдсэн бол уг саналд туссан хоёр агуулгыг тус тусад нь санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлснээр 22 цаг болсон тул чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. 

Уг заалтын санал хураалтыг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.