МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албанаас огцорсноор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Уг саналыг МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдийн олонх дэмжсэн. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батална. Ерөнхийдөө түүнийг Ерөнхий сайдаар томилох нь тодорхой. Энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газрын гишүүд буюу яамдын сайд нараар хэн, хэн томилогдох нь анхаарлын төвд байна.

Үүнтэй холбоотойгоор МАН-аас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний 30-иас доошгүй хувь нь эмэгтэй гишүүд байх саналыг намынхаа дарга У.Хүрэлсүхэд хүргүүлжээ.

МАН-ын Үндсэн дүрэмд Улс төх дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахаа иргэд, сонгогчиддоо амласан байдаг аж. 


Үүнтэй холбоотойгоор эмэгтэй гишүүд намынхаа даргад хүргүүлсэн албан бичигтээ:

"Дээрх хууль дүрэм, мөрийн хөтөлбөрийг үндэслэн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд тэгш байдлыг хангах зорилгоор 2021 онд шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь буюу Засгийн газрын 5 гишүүнийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхэд анхаарна уу" гэжээ.


Тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.