Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: М.Энхболд огцрохгүй бол УИХ-ын даргын амьдарч байгаа гэрийн гадаа жагсаалаа хийнэ

Бид нарын зохион байгуулсан жагсаал цуглааныг улс орны өнцөг булан бүрээс зорин ирж дэмжин оролцлоо. Эхнээсээ тэмцэл маань ч үр дүнд хүрлээ. Үр дүнд нь ҮАБЗ, ТБББХ хуралдсан явдал юм. Нийтээрээ хүлээлт үүссэн асуудал шийдэгдсэн учраас жагсаал түр тарсан. Нэгэнт ҮАБЗ-ийн шийдвэр гарсан байхад УИХ-ын чуулган яаралтай хуралдах ёстой. Энэ долоо хоногт УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэж заасан ч нэн түрүүнд биш 7 дахь асуудалд оруулжээ. Ер нь энэ мэтээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг, МАНАН бүлгийг нураах ажилд саад тотгор болох, таслан зогсоох оролдлогууд анзаарагдаж байна. Хэрэв ирэх долоо хоногт багтаан УИХ-ын даргыг огцруулахгүй бол бид дахиад жагсах болно. Жагсахдаа УИХ-ын даргын амьдарч байгаа Их тэнгэрийн ам дахь  гэрийнх нь орчимд эсэргүүцлээ илэрхийлнэ. 

УИХ-ын даргыг чөлөөлсөний дараа шийдвэрлэх олон асуултууд хүлээгдэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Бид МАНАН бүлэглэлийг нураахын тулд жижиг "чөтгөр мангасууд"-тай нийлэхээс өөр арга байхгүй

 МАНАН бүлэглэлийн тэмцэл үргэлжилж байгаа. Бид 

-УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж,

-Стратегийн орд газруудыг улсын мэдэлд автал,

-МАНАН бүлэглэлийг тарах хүртэл тэмцэнэ. УИХ-ын дарга огцрох асуудалтай зэрэгцэн албан тушаал горилогчид ч Засгийн газар, УИХ-ыг шантааж хийж яваа сурагтай. Их хурлын даргыг МАНАН дэглэмээс Ерөнхийлөгчийн, биднийг шантаажилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж шантаажилж байна. 

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийг хүртэл АН-ын бүлгийг тарсанд тооцохгүй байна. УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёр намын бүлгээсээ гарснаар АН бүлэггүй болсон. Гэтэл УИХ-ын дарга АН-ын бүлгээр завсарлага авахуулж байна. МАНАН бүлэглэлийг нурахаас нааш бидний тэмцэл зогсохгүй. Бид энэ том, МАНАН бүлэглэлийг нураахын тулд жижиг "чөтгөр мангасууд"-тай нийлэхээс өөр арга байхгүй. Энэ дашрамд хэлэхэд МАНАН бүлэглийн золиос болсон, хууль хяналтын байгууллагаар явж хохирсон хүмүүсийг гомдлыг бид хүлээн авна.

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын дарга огцорсон ч энэ тэмцэл үргэлжилнэ

Талбай дээр өлсгөлөн зарлангуут 300 гаруй хүн хүсэлтээ гаргаж байгаа нь өөрөө хувьсгал юм. Энэ гэрүүд хувьсгалт тэмцэлд хандивлаж байгаа гэрүүд. Би хувьдаа тэнд ажиллаж байгаа хүнд нөхцөлд амьдардаг хүмүүст энэ гэрүүдээ өгөх саналтай байгаа. Энэ бол жагсаалд оролцож байгаа хүмүүсийн өмч. 

ЖДҮ дээр энэ жагсаалд оролцож байгаа гишүүд маш тодорхой байр суурьтай байгаа. УИХ-ын даргыг эсэргүүцэж байгаа 40 гишүүнийг 36 болгох гэж байгаа бол бид зөвшөөрөхгүй. УИХ нь хуралдахгүй бол Ард түмний их хурал хуралдаж асуудлаа шийднэ. Бид 100 гаруй ТББ-ыг удирддаггүй. Бид нэг даргыг огцруулах гэж тэмцэл хийгээгүй. УИХ-ын дарга огцорсон ч энэ тэмцэл үргэлжилнэ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Би М.Энхболд даргаас уучлал гуйсан. Түүнээс биш МАНАН дэглэмтэй тохирч үзэл бодлоосоо ухраагүй

Бид хэдэн сарын өмнө энэ тэмцлийг эхлэхдээ л "Хэрвээ ордон доторх тэмцэл арга мухардвал олон нийтийн дэмжлэг хүснэ" гэж хэлсэн. Бид олон нийтийн дэмжлэг авсан. Хоёр дахь жагсаалыг хийгээгүй бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Улс төрийн шинэ соёл ч тогтсон, уусан ундаагаа, зогссон газраа цэвэрлээд тарцгаасан. Одоо бол ордон доторх жагсаал үргэлжлэнэ. Олон хүмүүс гурав дахь жагсаалаас айсан. Бид өөрсдөө хүртэл. Тийм ч учраас М.Энхболд дарга өөрөө орж ирэн ТББХ-ны ирц хүрч хуралдсан. Тиймээс би М.Энхболд даргаас уучлал гуйсан. Түүнээс биш МАНАН дэглэмээс уучлал гуйгаагүй. Ямар ч тохиролцоо хийгдээгүй, үзэл бодлоосоо ухраагүй