Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нартай тус бүрчлэн уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлууд болон алдаа дутагдлын талаар тайлбар мэдээлэл авлаа.

Тэрээр эхлээд Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзжээ. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны даргатай уулзах үеэрээ "Монгол Улс "Саарал жагсаалтад орсноор манай улсад 4 зөвлөмж ирүүлсэн. Ямар нэгэн хориг тавигдаагүй. Гэхдээ ийм нөхцөл үүссэн нь туйлын харамсалтай. Монгол Улсыг тус жагсаалтад орсон бусад 12 улстай харьцуулахад терроризм, түүнийг дэлгэрүүлдэг улс биш. Энэ жагсаалтад манай улс орсон нь албан тушаалтнуудын хариуцлагатай салшгүй холбоотой. 

Үдээс өмнө би Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ үеэрээ Монголбанкны ажилд ололт, дэвшил олон байгаа боловч өнөөдөр нийгэм, улстөр, банк санхүүгийн орчинд итгэл хүлээхүйц нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Тиймээс "Саарал жагсаалт"-д орсонтой холбоотойгоор иргэдийн банк, төрд итгэх итгэлийг сэргээх зорилгоор хариуцлага тооцохыг албан ёсоор мэдэгдсэн. Мэдээж үүнд зөвхөн Монголбанк, СЗХ буруутай биш. Хариуцлагыг ойрын хугацаанд тооцно. 

Өмнө нь олон гомдол ирсэн. С.Даваасүрэн дарга нарыг эдгээр алдаагаа сайжруулаад засаад явах байх гэж итгэл хүлээлгэж байсан. СЗХ дээр удирдлагын, багийн ойлгомжгүй олон асуудал байгаа. Саарал жагсаалт бол улс оронд тулгамдсан асуудал. Одоо шинэчлэл хийх шаардлагатай. Тиймээс  хийж хэрэгжүүлсэн ажлыг хангалтгүй гэж үзэн Монголбанкны Ерөнхийлөгчийн адил Санхүүгийн зохицуулах хорооны дарга танд хариуцлага тооцох болно гэдгийг мэдэгдэж байна" хэмээлээ.